“Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдааны шилдгүүдийг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-10-16 18:26:19

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас Монголын нийт гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд зарласан “Монголын нэг өдөр” сэдэвт гэрэл зургийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа.


Монгол Улсын Соёлын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 88 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан "ULAANBATAR PHOTO WEEK-2023" гэрэл зургийн үзэсгэлэнгийн хүрээнд уг уралдааныг зохион байгуулсан юм. 


Уралдаанд Монгол Улсын өнцөг булан бүрээс гэрэл зурагчид болон сонирхогчид "Монголын нэг өдөр"-ийг олон янзаар гэрэл зургийн дурандаа буулгасан нийт 200 орчим гэрэл зураг ирүүлжээ. 


Үүнээс тэргүүн байрт Сүхбаатар аймгийн оролцогч Н.Ууганболд “Сонин сайхан юутай?”, хоёрдугаар байрт Увс аймгийн оролцогч Д.Баттулга “Увс нуурын өглөө”, гуравдугаар байрт Дундговь аймгийн оролцогч Э.Бат-Амьдрал “Бодол” бүтээлээрээ тус тус шалгарлаа. Харин тусгай байрт Япон улсын иргэн Мизусава Хидэкогийн “Буйдхан шөнө” бүтээл шалгарав.


Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсад гэрэл зургийн салбар, гэрэл зургийн сэтгүүл зүй албан ёсоор үүссэнээс хойш удахгүй 90 жилтэйгээ золгох гэж байна. Үүний сүүлийн 60 гаруй жилд нь МОНЦАМЭ агентлаг энэ салбарт тодорхой үүрэгтэй байж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гэрэл зургаар хангах, улсын гэрэл зургийн архивыг бүрдүүлэх, гэрэл зургийн мэдээллээр дамжуулан Монгол Улсаа гадаадад сурталчлах ажлыг хийж ирсэн түүхтэй. 







Холбоотой мэдээ