Дархан суманд “Нээлттэй хаалганы өдөр” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-20 15:12:43

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас эрхлэн Дархан суманд зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдөр Дархан хотын “Дархан-50 цогцолбор”, “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д нэгэн зэрэг болж аймаг,  сумын бүх төрийн байгууллагууд оролцлоо. Тус сум нь 18 багаараа дамжуулж 80 гаруй мянган иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг байна.

Энэ өдөр иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, иргэний шинэчилсэн бүртгэл хийх, иргэний цахим үнэмлэх дахин авах хүсэлт хүлээн авах, гадаад паспорт сунгах болон шинээр авах иргэдийн материал хүлээн авах, хүүхэд хамгааллын зөвлөгөө өгөх, дулаан болон цэвэр бохир усны гэрээ хийх төлбөр тооцоо барагдуулах зэрэг төрийн бүхий л үйлчилгээг нэг дороос үзүүлсэн юм. Мөн үеэр аймаг, сумдын Засаг дарга нар үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээ иргэдэд тайлагнаж аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар аймаг, сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээс танилцууллаа. 

Энэ онд Дархан суманд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 1 тэрбум 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээрээс тус сумын 8, 11, 13, 14, 15, 16 дугаар багуудад хүүхдийн тоглоомын талбайн ажил хийгдсэн бол 7 дугаар багийн “Зурагт”-ын 8 дугаар худгийн дэргэд сагсан бөмбөгийн талбай, хангамжийн 6 дугаар худаг, Майхантын нэгдүгээр худгийн хажууд тус тус нэг сүүдрэвчийг хийж оршин суугчдынх нь хүсэлтээр тавдугаар багийн 20-2 дугаар байрны өмнө 24 авто машины зогсоолыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч байгуулсан байна.

                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ