ХОВД: "Анзаар" аяны үйл ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-12 16:35:15

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх #Анзаар аян Ховд аймагт үргэлжилж байна.   
  

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1100 орчим гэмт хэрэгт 1500 орчим хүн холбогджээ. 


Үүнийг насны хувьд авч үзвэл 56 хувийг 13-25 насны залуучууд, харин 92 хувийг нь 13-35 насныхан эзэлж байна.    


Иймээс өсвөр насны хүүхэд, залуучууд, ард иргэдийг  хорт зуршил, мансууруулах эм, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор #Анзаар нөлөөллийн аяныг улсын хэмжээнд эхлүүлсэн юм.     

Энэхүү аяны  үйл ажиллагаа  Ховд аймагт  үргэлжилж байна.  Өнөөдөр аяны хүрээнд  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.  

Тус аян өнөөдөр 16 дахь аймагтаа буюу Ховд аймагт өрнөснөөрөө онцлогтой. Аяны үйл ажиллагаанд Ховд аймгийн оюутан, залуучууд, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчид, эцэг эхчүүд, иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцов.

Ховд аймагт энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт бүртгэгдэж байгаагүй боловч эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид, өсвөр үеийн хүүхэд, залуусыг хорт зуршлаас сэргийлэхэд тогтмол анхаарахыг мэргэжилтнүүд уриаллаа.   

  

Холбоотой мэдээ