“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Намрын бүх нийтээр мод тарих өдрүүдийг өнөөдрөөс эхлүүлж байна.
Мод тарих өдрөөр Баянзүрх дүүргийн “IGM” цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүргийн Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас, Налайх дүүргийн “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”, Баянгол дүүргийн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”, Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”, Чингэлтэй дүүргийн Дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”, Хан-Уул дүүргийн 14 Айцын ам, Баянзүрх дүүргийн Гачууртын зам-1, "УБЗАА - Мод үржүүлгийн газар"-т мод бут тарина. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх шатны байгууллага энэ сарын 16-ныг дуустал мод тарих хуваарьтай бөгөөд мод, бут, сөөг, цэцэг тарин, цаашид арчлан хамгаалахыг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдэд уриаллаа.
Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн хавар,
намар бүх нийтээр мод тарьж, байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад
иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэх чиглэлээр олон ажлыг эрчимжүүлэхээр үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг билээ.