Францын тамирчдад хижаб өмсөхийг хориглосон шийдвэрийг НҮБ шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /AFP/. Франц улс “Парис-2024” Олимпын наадмын үеэр өөрийн орны тамирчдад хижаб өмсөхийг хориглосны дараа НҮБ-ын зүгээс эмэгтэйчүүдийн хувцаслалттай холбоотой уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
“Эмэгтэйчүүдэд ямар
хувцас өмсөх, өмсөхгүйг нь хэн ч тулган зааварчлах ёсгүй” гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд
комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Мариа Уртадо Швейцарын Женев хотноо мягмар
гарагт мэдэгдэл хийх үеэрээ хэлсэн байна.
Шашнаас ангид хатуу дүрэм журам ёсоор Францын тамирчид Олимпын үеэр
толгойн алчуур зүүхийг хориглоно гэж Францын Спортын сайд Амели Удеа-Кастера мэдэгдсэнээс
хэдхэн цагийн дараа М.Уртадо дээрх мэдэгдлийг хийжээ. Спортын наадмын
үеэр шашны аливаа бэлгэдлийг үзүүлэхийн эсрэг засгийн газрын байр суурийн талаар А.Кастера
өнгөрсөн ням гарагт тайлбарлан ярьсан байна.
М.Уртадогийн
хувьд Францын байр суурийг шууд шүүмжлээгүй боловч эмэгтэйчүүдийг ялгаварлан
гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцид ялгаварлан гадуурхах
үйлдлүүдийг үл зөвшөөрдөг гэдгийг онцолжээ. Мөн нийгмийн аливаа бүлгийн эсрэг чиглэсэн ялгаварлан
гадуурхсан шинжтэй үйлдэл нь хөнөөлт үр дагаварт хүргэж
болзошгүй гэдгийг анхааруулсан байна.
Францад шашны
хувцаслалттай холбоотой асуудал нь шашнаас ангид хатуу
дүрэм журамтай зөрчилддөг. Эдгээр дүрэм журам нь төрөөс шашны асуудалд үл оролцохоос гадна чөлөөтэй шашин шүтэх эрхийг баталгаажуулах зорилготой.
Францын хуульд зааснаар төрийн өмчит сургуулиудад, мөн төрийн албан хаагчдыг шашны бэлгэдэл бүхий хувцас өмсөхийг хориглодог. Тухайлбал, 2010 онд нүүрээ бүрэн халхлахыг хоригложээ.
Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард Францын Төрийн зөвлөл эмэгтэй хөлбөмбөгчид хижаб өмсөхийг хориглосон байна.