Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-27 10:14:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын хурлын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэв.


Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага нэгжээс 6,7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 үйл ажиллагааны санал ирүүлсэн байна. Төслийг боловсруулахдаа бодлого төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, нэн тэргүүний хэрэгцээ шаардлага, урьдчилсан нөхцөл бэлтгэл хангасан байдал, санхүүгийн эх үүсвэр баталгаатай зэрэг шаардлагыг харгалзан эрэмбэлж тусгажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан 6 бүлэг болгон боловсруулахдаа салбарын 14, төсвийн ерөнхийлөн захирагчийн 34, хөтөлбөрийн 95 үр дүн, 418 арга хэмжээг 2 их наяд 974 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй байхаар тооцоолон боловсрууллаа.


Төслийг “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Шинэ сэргэлтийн бодлого, хотын дэд төв, авто замын түгжрэлийг бууруулах, шинэ тойрог зам, сэлбэ сэргэлт төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай уялдуулан нэгдсэн байдлаар судалж богино, дунд хугацааны хөгжлийн шийдлийг тодорхойлсон 3 суурьт хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм.


Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой болсон. Нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг сайжруулахад анхаарсны дүнд улсын төсөвт Улаанбаатар хотын төвлөрүүлж буй орлогыг нийслэлд хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн “Эрдэнэс Баянбогд” төслийг эхлүүлснээр нийслэлд шаардлагатай бүтээн байгуулалтын гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэр, нөөц болсон юм. Улмаар хотын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн багц 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэв. 


Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хоёрдугаар хэлэлцүүлгийг есдүгээр сарын 28-ны өдөр хийж, эцэслэн батлах аж. 

Холбоотой мэдээ