Ингэний 30-40 ферм байгуулахад дэмжлэг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-21 15:18:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн ДЦС, шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь, ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.


Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн ДЦС барих төсөл”-ийг энэ оны тавдугаар сард эхлүүлж, ДЦС-ын барилгыг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөөжээ.

Хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК ажиллаж байна.

Шинэ суурьшлын бүс дэх мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны 12 дугаар сард дуусах юм. Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор тус аймгийн газар тариалан эрхлэгч, малчид зориулалтын стандарт агуулахтай болж, тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.


Баянхонгор аймаг өнгөрсөн оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулснаас 17457 нь ингэ. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах юм. Аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ.

Цагт 500 литр шингэн сүүг хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байгаа бөгөөд үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.

 

 

Холбоотой мэдээ