БАЯНХОНГОР: ИТХ-ын төлөөлөгчид туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-19 15:24:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат хурлын 20 гаруй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших "Энержи ресурс" ХХК-ийн Ухаа худаг уурхайд ажиллан, уурхайн бүтээн байгуулалт, компанийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.


"Энержи ресурс" ХХК нь нүүрсийг дотооддоо угаан баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортолж буй ААН бөгөөд уул уурхайн дэлхийн түвшний үйл ажиллагааг Монголд нутагшуулж, дэд бүтцийн цогц шийдлийг бий болгосноор Ухаа худаг цогцолбор нь дотоодын уул уурхай, боловсруулах салбарт дорвитой хөгжил авч ирсэн байдаг. 


Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаа нарын удирдлагууд Баянхонгор аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, уул уурхай орон нутаг хоорондын хамтын ажиллагаа, үр дүнгийн талаарх мэдээллийг өгсөн байна. Мөн Баянхонгор аймгийн ИТХ-ын  төлөөлөгчид  ил уурхай,  нүүрс баяжуулалт, уурхайн дэд бүтэц, тээвэр ложистик, цахилгаан станц, усан хангамжийн систем, мод үржүүлгийн талбай, нэгдсэн оффис болон нийгмийн хариуцлагын хүрээнд суманд барьж байгуулсан Цэций хороолол, Мөрөөдөл сургуулийн цогцолбортой  тус тус танилцжээ.




2009 оноос Цогтцэций  сумын Тавантолгойн  бүс дэх нүүрсний уурхайд олборлолтын ил аргыг ашиглан үйл ажиллагаа явуулж эхэлсэн  Ухаа худаг цогцолборын хүрээнд өнөөдрийн байдлаар 3000 гаруй хүн шууд ажлын байраар хангагддаг бөгөөд 500 гаруй тээврийн хэрэгсэл бүхий бие даасан автобаазтай болжээ.


Ухаа худаг дахь 18 мегаваттын цахилгаан станц  болон  усан хангамжийн цогц систем нь уурхайн нийт төслүүдийн эрчим хүч, усны  хэрэгцээг бүрэн хангахаас гадна Цогтцэций сумыг тог цахилгаан, ундны цэвэршүүлсэн усаар хангадаг байна. 


Тус компани үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш улс, орон нутгийн төсөвт нийт 1.2 их наяд орчмын төгрөг төвлөрүүлсэн түүхтэй бол 2008 оны хүн амын тооллогоор 1800 гаруй иргэнтэй гэж тоологдож байсан Цогтцэций сум өнөөдрийн байдлаар 9000 гаруй иргэнтэй болжээ.

Холбоотой мэдээ