Т.Галсан: Ном бол хүнийг тархинаас нь гэгээрүүлж, зүрхнээс нь дулаацуулж байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2023-09-16 16:09:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Илүү их уншъя” уриатай “Үндэсний номын баяр-2023” намрын үйл ажиллагааны нээлт өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.


Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор болдог энэ баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачилж, 2007 оноос эхлэн жил бүрийн 5, 9 дүгээр сард тогтмол зохион байгуулдаг болсон юм. 34 дэх удаагийн Үндэсний номын баярыг хамтран зохион байгуулагчаар Улсын Их Хурлын даргын ажлын алба, Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар ажиллаж байна. 


УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар номын баярыг нээж үг хэлэхдээ, “Монгол бол залуучуудын орон. Нийт хүн амын 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд. Тийм ч учраас энэ баярт залуучууд түлхүү оролцож байна. Энэ жилийн номын баярын нэг онцлог нь, монгол туургатны төдийгүй олон улсын шинж чанартай болж өргөжин тэлэх алхмаа хийж байна. Хятад, Буриад, Халимаг, Өвөрмонгол, Төвөдийн олон зохиолч хүрэлцэн ирсэн. Мөн УИХ-аас санаачилж жил бүр шилдэг зохиолч, шилдэг уншигч шалгаруулан “Мэргэн ном” цомыг гардуулдаг болж байгаа. Ирэх жил энэ баярыг олон улсын шинж чанартай баяр болгон дэлгэрүүлэхэд анхаарч, тодорхой ажлуудыг төлөвлөж байна. Японы нэрт зохиолч Харуки Муракамиг ирэх жилийн номын баяртаа урьсан” гэлээ.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Тангадын Галсан, “Монголчууд өөрсдөө даалимба, хөдөс өмсдөг, үр ачаа нэхийнд өлгийддөг, харин номыг торгоор баринтаглаж бурхныхаа зулайд залдаг. Ном бол хүнийг тархинаас нь гэгээрүүлж, зүрхнээс нь дулаацуулж байдаг. Өнөөдөр дэлхийн номт таван гүрний нэг хэмээн алдаршсан Монгол номынхоо баярыг дэлхийн хэмжээний номын баяр болгож байгаад би баяртай байна” гэсэн юм.


“Нэпко” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, нийтлэлч, Төрийн шагналт зохиолч Б.Батбаяр буюу Баабар, “Монголчууд ном уншдаг ард түмэн. Борлуулалтаас нь харахад 1990 оноос өмнө манайд жилдээ 50,60 орчим ном л хэвлэгддэг байсан бол одоо жилдээ хэдэн мянгаараа хэвлэгддэг болсон байна. Хэвлэлийн хэд хэдэн компани санаачилж, “Дэлхийн зохиолч Монголд” гэдэг хөтөлбөрийг эхлүүлсэн. Дэлхийд алдаршсан зохиолчдыг авчирч, номын баяртаа оролцуулаад, уншигчидтай нь уулзуулах юм бол тэднийг дагаж олон улсын ном хэвлэлийн компаниуд ирдэг болох, энэ баяр маань цаашдаа олон улсын яармаг болох ч боломжтой. Өнгөрсөн удаа Франц, Германы зохиолчийг урьж ирүүлсэн. Энэ удаад Хятадын алдарт зохиолч Үй Хуа хүрэлцэн ирсэн. Дараа дараагийн номын баярт гадаадын нэр алдартай зохиолчдыг мөн ингэж номын баяртаа оролцуулж Монголоо сурталчлахаас гадна энэ баярыг илүү олон улсын шинжтэй болгохыг зорьж байна” гэж ярилаа. 


Нээлтийн үеэр “Мэргэн ном” шагнал гардуулах ёслол болсон бөгөөд уг шагналыг анх санаачилсан УИХ-ын дарга Г.Занданшатар шалгарсан уран бүтээлчдэд цом өргөмжлөлийг нь гардуулав. 

Номын баярт Энэтхэг, Польш, БНХАУ, ОХУ, Вьетнам, Герман, франц, Куба, Чех, Казахстан, Киргиз улсаас Монгол Улсад суугаа элчин сайдууд болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд номын баярын хүндэт зочноор уригдан ирсэн байлаа.


Үндэсний номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт баяр бөгөөд жилээс жилд өргөжин тэлж буй энэ баярт одоо 240 мянган уншигч оролцдог болсноос гадна 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаачид оролцдог болжээ. 


                                                                                                                                                        Т.Амаржаргал

                                                                                                                                                         Р.Цэцэгбаяр


Холбоотой мэдээ