МОНЦАМЭ агентлаг Пренса Латина агентлагтай 1970 оноос хойш хамтран ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Хавана /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар энэ сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болж буй Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцож байна.
Энэхүү уулзалтын талаарх мэдээллийг Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг монгол, англи, орос, хятад, япон хэлээр түгээж буй. Дашрамд сонирхуулахад, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ нь Бүгд Найрамдах Куба Улсын Пренса Латина агентлагтай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж ирсэн юм.
Тодруулбал, МОНЦАМЭ агентлаг тус агентлагтай анх 1970 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, мэдээ мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн юм. 1990-ээд оныг хүртэл энэ харилцаа идэвхтэй үргэлжилж байв. 1990-ээд оны эхнээс хэсэг хугацаанд харилцаа зогсонги байдалд орсон ч 2000 оны эхээр хоёр агентлагийн харилцааг дахин сэргээх тал дээр МОНЦАМЭ болон Пренса Латина агентлагийн үе үеийн удирдлагууд, Монгол, Куба Улсад суух Элчин сайдууд санаа тавьж ажилласан.
МОНЦАМЭ, Пренса Латина агентлаг нь 2018 оны хоёрдугаар сарын 23-нд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хоёр агентлаг ийнхүү хэсэг хугацаанд тасалдаад байсан уламжлалт найрсаг хамтын ажиллагаагаа сэргээж, цаашид мэдээ мэдээллээ өргөн хүрээнд солилцон бүс нутгууддаа түгээх, тус тусын орныг харилцан сурталчлах замаар хоёр орны харилцааны гүүр болох эрмэлзэлтэй ажиллах болсон. Хамгийн сүүлд, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес энэ оны хоёрдугаар сарын 1-нд МОНЦАМЭ агентлагт зочилж, талууд хамтын ажиллагааны хүрээнд харилцан санал солилцсон юм.
МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригестай уулзсан талаарх мэдээллийг https://montsame.mn/mn/read/312306?fbclid=IwAR107OCl6YkaP2BpqaOZl4i0Y-lsf8F7YBcbg9akLwHMLNk9MCD_REFUy8Y холбоосоос унших боломжтой.