Америкийн онгоцууд Сирийн цэргийн байрлалд андууран цохилт өгсөнд харамсч байгаагаа Цагаан ордон илэрхийллээ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-09-18 11:42:33

ВАШИНГТОН./TASS/. АНУ тэргүүтэй эвслийн цэргийн нисэх хүчний агаарын цохилтод Сирийн армийн цэргүүд өртөн амиа алдсантай холбогдуулан Цагаан ордон харамсч байгаагаа илэрхийллээ. Энэ тухай Ассошиэйтед Пресс агентлаг АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн ярьснаас иш татан мэдээлжээ.

Эх сурвалжийн хэлснээр, Вашингтон ОХУ-аар дамжуулан “харамсч байгаагаа” илэрхийлээд “эвслийн цэргийн хүчний ажиллагаа нь зориуд санаатай үйлдэл байгаагүй” гэдгийг дурдсан байна. Үүний сацуу Цагаан ордон мэдэгдэхдээ “Сирийн асуудлыг зохицуулах тухай хэлэлцээрийн заалтуудыг АНУ цаашид сахин биелүүлж, “Лалын улс” болон “Аль-Каида” бүлэглэлүүдийн зэвсэгт этгээдүүдэд цохилт өгөхөө зогсоохгүй” гэжээ.

Өчигдөр буюу 17-ны өдөр Сирийн армийн командлал “ агаарын цохилтын улмаас Дейр-эз-Зор хотод Сирийн цэргийн 62 албан хаагч амиа алдаж, 100 хүн шархадсан” тухай мэдээлсэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамын төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенковын хэлснээр, "Лалын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын эвслийн цэргийн хүчний нисэх онгоцууд тус бүлэглэлийн террористуудад бүслэгдээд байсан Сирийн засгийн газрын армийн анги нэгтгэлүүдийн байрлалд дөрвөн удаа цохилт өгсөн байна.

Үүнтэй холбогдуулан Сирийн Гадаад хэргийн яамнаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд илгээлт явуулж “Америкийн түрэмгийллийг зэмлэн буруушаах”-ыг шаарджээ.

“Дейр-эз-Зор хотын цэргийн нисэх онгоцны буудлын ойролцоох Жебель-Сарда уулан дахь  Сирийн армийн байрлал руу итгэлийг эвдэн хийсэн дайралтад АНУ-ын таван нисэх онгоц оролцсон” гэдгийг илгээлтэд дурдсан байна.  

Сирийн цэргүүд энэхүү байрлалыг хэдэн жилийн турш дээрэмчдийн бүлэглэлээс эрэлхгээр хамгаалж байсан боловч Америкийн нисэх онгоцуудын дайралтыг ашиглан террористууд хамгаалалтыг шугамыг эзлэн авлаа гэж Сирийн Гадаад хэргийн яамны илгээлтэд дурджээ.  

Б.Адъяахүү  

 


 

 

 

 

Холбоотой мэдээ