Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл 87 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн өвлийн бэлтгэл хангах дулаан хангамжийн ажил 87 хувьтай байна.
Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах
чиглэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урсгал засвар хийж байгаа нь 90.5 хувийг гүйцэтгэлтэй байна. Ус хангамж, ариутгах татуурга,
үерийн далан суваг, хөрсний ус, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайн
халтиргаа гулгаа, цэвэрлэгээний бэлэн байдлыг есөн дүүргийн хэмжээнд
хангаж байгаа аж.
Улс, нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай төсөл, үйл ажиллагаанууд бий. Тухайлбал, Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдэх хүрээнд ХУД-ийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хорооллыг цэвэр усаар хангадаг шугамыг шинэчлэх хөрөнгийг шийдэх шаардлагатай бөгөөд ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй аж. Мөн Таван шар, 21 дүгээр хороолол, Толгойт, Баянхошуу зэрэг хорооллыг усаар хангадаг шугамыг баталсан зураг төслийн дагуу нэг ухалтаар шинэчлэх 86 сая төгрөгийг ирэх оны төсөвт тусгуулах шаардлагатай байгаа.
Түүнчлэн, Улаанбаатар
хотод 800 цахилгаан шатны
ашиглалтын хугацаа дуусаж байгаагаас
мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглах боломжгүй 132-ыг нь шинэчлэн солих, цахилгаан эрчим
хүчинд холбогдоогүй хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай эрчим хүчээр
хангах зэрэг санхүүжилтийг шийдэх шаардлагатай байгаа аж.