Шинэчлэлийг санаачлагч тэргүүн хамба

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-09-02 12:44:51

УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.


Гэгээн Ширээт улсыг дэлхий дахинд Ватикан гэж нэрлэдэг бөгөөд бие даасан хот улс юм. Энэ улсад Ромын католик шашны их сүм, Ширээт лам буюу Папын өргөө байрладаг.


Гэгээн Ширээт улс бол олон улсын харилцааны болон олон улсын эрх зүйн бие даасан субъект бөгөөд тусгаар тогтносон, бүрэн эрхт улс юм.


Ватикан гэдэг үг нь VATICINATORE буюу зөнч мэргэн хүн гэсэн утгатай үгнээс гаралтай болой.


Ватиканы хууль тогтоох, гүйцэтгэх ба шүүх засаглалын эрх мэдлийг Пап лам хэрэгжүүлдэг. Тэрбээр дэлхий дахинд Ватиканыг төлөөлж, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, батлах ба хүчингүй болгох, дипломат төлөөлөгчдийг хүлээн авах, Ватиканы төлөөлөгчдийг бусад улсад томилох эрхийг эдэлнэ.


Дэлхий даяар 1,3 тэрбум католик шашинтнууд амьдардаг бөгөөд тэдний оюун санааны эцэг хэмээн хүндлэгддэг Пап Францис манай улсад айлчлан ирж байгаа нь улс төр, нийгмийн чухал ач холбогдолтой үйл явдал яах аргагүй мөн. Тэр тусмаа 3,5 сая хүн амтай, цөөн тооны католик шашинтнууд амьдардаг улсад католик шашны тэргүүн хамба зочлон ирсэн нь дэлхий дахины анхаарлыг манай улсын зүгт татлаа.  


Шинэчлэгч Пап

Монгол түмний эрхэм зочин, дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 хүний нэг болох Пап Францисийн талаар олон сонирхолтой баримтууд бий.


2013 оны 3 дугаар сарын 13-нд Ромын католик шашны 266 дахь тэргүүн хамбаар сонгогдсон Францис бол 1200 гаруй жилийн түүхэн дэх европ бус гаралтай анхны пап лам юм.


1936 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Италийн цагаач ажилчин Марио Жузеппе Бергольо-гийн гэр бүлд төрсөн тэрбээр таван хүүхэдтэй айлын отгон хүү ажээ.


Тэргүүн хамба бол маш өндөр боловсролтой хүн бөгөөд Буэнос-Айресийн их сургуулийг философич ба химийн технологич гэсэн хоёр мэргэжлээр төгсөж, 1986 онд шашин судлалаар докторын зэрэг хамгаалсан байна. Эрдмийн зэрэг хамгаалснаараа Пап дэлхий ертөнцөд болж буй үйл явцуудыг илүү сайн ойлгож мэдэрч чаддаг хүн юм. 


Тэрбээр латин, испани, итали чөлөөтэй ярьж, англи, франц, герман, португал, украин хэлээр бусадтай ойлголцож чадна. Эрхэм Пап зөвхөн өөрийгөө хөгжүүлэхийн төлөө бус харин дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй янз бүрийн үндэстний хүмүүстэй холбоо харилцаа тогтоож, тэдний жаргал зовлонг ойлгож мэдрэхийн тулд олон гадаад хэлийг судалжээ


Хүн бүр Бурханы үр хүүхэд бөгөөд өөр өөрийн гэсэн заяа төөрөгтэй хэмээн үздэг Пап дэлхийн олон сая хүний хайр хүндлэлийг хүлээжээ. Католик шашин ба дэлхий ертөнцийг бүхэлд нь шинэлэг өнцгөөс хардаг нь түүний бусдаас ялгарах онцлог шинж юм.

Тэрбээр дэлхийн хүмүүсийг “буянтнууд ба нүгэлтнүүд” гэж хувааж болохгүй гэдгийг сануулан хэлдэг ба “бурангуй харгисуудын балмад хэрцгий, шударга бус үйлдэлд үзэн ядалт, хүчирхийллээр хариу барих аваас өөрсдөө эзэрхэг дарангуйлагчид болж хувирна” гэсэн санаагаа илэрхийлдэг. 


Пап ламтан ядууралтай тэмцэх, хүмүүнлэг энэрэнгүй байх, эвтэй найртай амьдрахыг  уриалсаар иржээМөн хязгааргүй их шунал, хяналтгүй капитализмаас үүдэлтэй ёс суртахууны доройтол нь байгаль орчинд төдийгүй хүн төрөлхтөнд өөрт нь асар их хорт нөлөөг авчирч байна гэж үздэг.


Пап бол шинэчлэлийг санаачилж, өөрөө гардан хэрэгжүүлдэг хүн юм. Түүний удирдлага дор 2013 оноос Ватиканд өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн байна. Тухайлбал, авлигатай хийх тэмцлийн хүрээнд 2013 оны 10 дугаар сард Шашны хэргийн институт буюу Ватиканы Төв банк түүхэнд анх удаагаа жилийн тайлангаа нийтэлсний дараа тус банкны удирдлагыг өөрчилжээУлмаар 2015 онд Ватиканд санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд “PricewaterhouseCoopers” аудитын компанийг сонгон шалгаруулж ажиллуулжээ.


Түүнээс гадна, гэрлэлтийг цуцлах үйл явцыг хялбаршуулахад чиглэсэн шинэчлэлийг санаачлан хэрэгжүүлж байв. 2016 оны 8 дугаар сард гэр бүлийн асуудлууд ба өнөө цагийн ертөнцөд гэр бүлийн эзлэх байр суурийн тухай Пап Францисийн Amoris Laetitia буюу хайрын баяр баясгалан” гэдэг апостолын номлол хэвлэгдэн гарчээ. 


Мөн тэрбээр 2018 онд цаазын ялыг халахыг дэмжиж үг хэлсэн нь улстөрчдөд нөлөөлөв. Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо Паптай санал нэг байгаагаа илэрхийлж, цаазын ялыг халах тухай хуулийн төслийг өргөн барихаа амлаж байв. Тэрбээр Катехизис номлол дахь цаазын ялын тухай заалтуудыг хасах шийдвэрийг гаргасан бөгөөд “тухайн хүн маш хүнд гэмт хэрэг үйлдсэн ч гэлээ түүний нэр төрийг хадгалж байх ёстой, тэр хүн гэм буруугаа наминчилна гэдэгт итгэх хэрэгтэй” гэдгийг онцлон дурдаж байлаа. Үүнийг дагаад Ватиканы Эрүүгийн хуульд өөрчлөлтууд орсны нэг нь бүх насаар нь хорих ялыг 30-35 жилийн хорих ял болгосон явдал юм.

Өөр нэгэн жишээг дурдахад, дэлхийн II дайны үеэр Ромын Папын албыг хашиж байсан XII Пий-гийн үеийн баримт бичгүүдийг хуульд заасан хугацаанаас 10 жилийн өмнө нууцын зэрэглэлээс гаргаж байв. Хуулиар бол, тухайн Папын үед хэвлэгдсэн баримт бичгүүдийг нас барснаас нь хойш 70 жилийн дараа нууцаас гаргах ёстой.  


Шинэчлэлийг санаачлагч Пап өөрөө туйлын эгэл даруу нэгэн ажээ. Тэрбээр үнэтэй автомашин унахаас илүүтэй нийтийн тээврээр зорчих, алхаж явахыг илүүд үздэг ба жирийн иргэдтэй хамт кафед сууж байх нь ердийн дүр зураг. Ингэснээр тэрбээр өөрийнх нь сургаал номлолыг дагаж буй хүмүүс ба тэргүүн хамбын хооронд зааг ялгаа үгүй гэдгийг харуулж чадсан билээ. Төрөлх нутаг Аргентинд дээд сургуульд сурч байхдаа сургалтын төлбөрөө олохын тулд шөнийн клубт хаалгач, хамгаалагч хийж, мөн шал угааж, химийн лабораторид ажиллаж, бага залуугаасаа эгэл ард олны амьдралыг туулж ирснээ Пап ний нуугүй ярьдаг. 


Ватиканы төрийн тэргүүн учир Ромын папууд ихэвчлэн дээд зэрэглэлийн байранд амьдардаг. Харин сүүлийн 100 гаруй жилд  тогтсон энэ уламжлалыг тэрбээр эвдэж, 2013 онд католик шашны тэргүүн хамба болсныхоо дараа Апостолийн ордон дахь өргөөнд амьдрахаас татгалзаж, энгийн хоёр өрөө байрыг сонгожээ.


Сөрөг сэтгэгдлээр дүүрсэн фэйсбүүк сүлжээнд аккаунт нээлгэх нь Папын сэтгэлийг чилээнэ хэмээн туслахууд нь болгоомжилдог. Харин тэрбээр 2019 онд мөргөл үйлдэхэд зориулан Click to pray гэдэг цахим хуудсыг нээсэн ба дагалдах аппликейшнүүдийг гаргажээ


Дэлхийн хэмжээний дипломатч

Нас хэдий хэвийсэн ч гэсэн эрч хүчтэй хэвээр байгаа Пап одоогийн байдлаар 40 гаруй улсад айлчлаад байна.


2016 оны 2 дугаар сард Кубын нийслэл Хавана хотноо Пап Францис, Москва ба бүх Оросын Дээрхийн гэгээнтэн Кирилл нар уулзсан нь Оросын үнэн алдартны шашин ба Католик сүмийн түүхэн дэх ийм өндөр түвшний анхны уулзалт байлаа.


Тэрбээр БНХАУ-тай дипломат харилцаа тогтоохыг чухалчлан үзэж, Хятадад амьдардаг олон сая католик шашинтнуудад үргэлж санаа тавьж байдаг хүн юм. Сүүлийн үед сүмийн хамба лам нарыг томилох асуудлаар Хятадын эрх баригчидтай ойлголцолд хүрч, засгийн газраас нэр дэвшүүлсэн хамбуудыг Пап Францис томилох /эсвэл томилохгүй татгалзах/ болжээ.


Украинд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөний тухайд тэрбээр ярихдаа “ялалт, ялагдал гэдэг үгс миний сэтгэлийг өвтгөдөг, цорын ганц зөв үг бол энх тайван” гэж байлаа.  

Холбоотой мэдээ