Бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй, 50 гаруй хувьд хэтэрч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргалаа.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлж, зурагласан
мэдээгээр, энэ сарын 20-ны
байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн, 30 орчим хувьд дунд зэрэг,
10 орчим хувьд муу гэж үнэлэгджээ.
Бэлчээрийн даацыг тооцоолоход нийт нутгийн 23.9 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 24.6 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 31 хувь нь даац 1-3 дахин, 6.7 хувь нь даац 3-5 дахин, 13.8 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна. Энэ нь ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй, харин 50 гаруй хувьд хэтэрсэн гэсэн үг. Тодруулбал, Өмнөгөвь, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор аймгийн ихэнх сум, багийн нутгаар даац ихээхэн хэтэрчээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдад Баян-Өлгийн Баяннуур, Сагсай, Толбо, Буянт, Ховдын Мянгад, Буянт, Дөргөн, Мөст, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Ноён, Баяндалай, Баян-Овоо сум хамрагдаж байна.
Харин Баян-Өлгийн Дэлүүн, Ногооннуур, Алтанцөгц, Увсын Завхан, Ховдын Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Жинст, Богд, Баян-Өндөр, Сүхбаатарын Баяндэлгэр, Уулбаян, Өмнөговийн Ханбогд, Номгон, Хүрмэн, Дорноговийн Иххэт, Алтанширээ сумдын нутгаар 3-5 дахин хэтэрчээ. Мөн нутгийн 30 гаруй хувьд даац 1-3 дахин хэтэрсэн байна. Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар даац хэтэрсэн нь малын тоо их байгаа нь нөлөөлж байгаа аж.