СҮХБААТАР: Алтан овооны их тахилга, баяр наадмын эргэн тойронд...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-08 12:51:47

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн ойн баярт оролцсон иргэд, жуулчид сэтгэгдэл өндөр буцлаа.


Учир нь баяр наадам зохион байгуулалт маш сайн байсныг онцолж байв. Зохион байгуулагчдын зүгээс хоёр өдрийн турш тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулжээ.


Угсаатны онцлог бүхний соёлын өвөө хадгалан үлдэж, өвлүүлэн уламжлуулж буй Дарьганга сумын хөдөлмөрч түмнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Алтан Дарь овооны төрийн тахилгын 110 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагналаа.



8 дугаар сарын 4-ний орой баярын нээлтийн үйл ажиллагаа болов. Нээлтийг Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазарын цомнолоор найруулан, Үндэсний Урлагийн Их теартын уран бүтээлчид оролцсон юм. Их тахилгад зориулж орон нутгийн хөрөнгө оруулалтаар наадмын талбайг шинээр барьж байгуулан, сум бүрийн нэрэмжит асрыг босгож наадамчин олон тавтай наадах орчинг бүрдүүлсэн нь онцлог байлаа. Уран бүтээлчдийн тоглолтыг иргэд халуун дотноор хүлээн авч, онцгойлон баяр хүргэж байв. Өөрөөр хэлбэл наадмын нээлтийн тоглолт хурсан олныг огшоож чадсан  юм.


8 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд баяр наадмын талбайд болон талбайн дэргэд тусгайлан зассан 1200 хүний суудал бүхий задгай театрт урлаг, соёлын арга хэмжээнүүд тасралтгүй үргэлжлэв. МУАЖ Ш.Чимэдцэеэ тэргүүтэй нутгийн уран бүтээлчдийн цуврал тоглолт наадамчин олны таашаалыг хамгийн их хүртлээ.


Дарьгангын хошууны таван сум 2025 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Дарьганга соёлыг хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч тус сумдын нэрэмжит өв соёлын гэр үзэсгэлэнгүүд олны сонирхлыг татаж байв. Хэлхээ тоонотой гэртээ шавар зуухаа барьж хуймаг, сүүний хол зэрэг брэнд хоол хүнсээрээ зочид гийчдийг дайлж, олон жилийн түүхт, нэн ховор үзмэрээ танилцууллаа.


Удаах асарт Тал нутгийн чулуун цадиг үзэсгэлэн дэлгэгджээ. Зураач, судлаач Д.Амараагийн чулуун хөргүүдийн гэр зураг энэ үзэсгэлэнгийн гол үзмэр. Хүн чулуудын өлгий нутаг Дарьганга суманд байх хөрөг бүрийн онцлогийг илтгэх гэрэл зургуудыг дэлгэжээ. Мөн үүний зэрэгцээ Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейгээс Дарьгангын алдарт дархчуулын ховор бүтээл, мөн урлалын Нандин өв үзэсгэлэн, цуглуулагч Д.Дугарсүрэнгийн чулуун соёлын дурсгалын үзэсгэлэн, Дарьганга сумын уугуул Дондовын Цэеэн-Ойдовын "Дарьганга ноёд" номын нээлт болов. Энэхүү номд Дамдин амбан хэмээх Богд хаант төрийн бэйс Буяндэлгэр, Со амбан, баян Со гэгдэж асан, Бишрэлт төрийн жүн ван Содномдовдон тэргүүтэй олон ноёд, тэдний үр хойчийн тухай тусгасан байна.


Тахилгын үеэр Монголын номер багийн спорт болох сагсан бөмбөгийн тэмцээнийг 3х3 хэлбэрээр зохион байгууллаа. Алтан Овооныхоо энгэрт адуун сүргийнхээ дэргэд, наадамчин олонтойгоо олон улсын түвшний зохион байгуулалт бүхий тэмцээнийг зохион байгуулах нь Дэлхийд Сүхбаатар аймаг төдийгүй Монгол улсаа сурталчлах боломж гэдгийг зохион байгуулагчид тодотгов. Хөдөө хээр талд буюу Монголдоо анх удаа стандарын талбайд, мэргэжлийн улсын шүүгчид хамтран  тэмцээнийг амжилттай зохион байгуулсанаараа басхүү онцлог байлаа. Тэмцээнд нийт 40 багийн 160 орчим тамирчид оролцлоо.

Тэмцээний ивээн тэтгэгчээр Apu Dairy Monnis international, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Жавхлант-Улз ХХК ажилласан бол зохион байгуулагчаар Сүхбаатар аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, Сүхбаатар Нэг Мөрөөдөл ТББ Mongolian Sport Consulting Group TLG 13 ТББ хамтран ажиллажээ. 

Алтан овооны их тахилгад зориулсан хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын аварга О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглосноос аварга О.Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэлээ. Бөхийн барилдаанд залуу аварга О.Хангай ирж барилдсан нь баяр наадмын бас нэгэн чимэг байлаа. Бөхөө дээдэлдэг, хайрладаг ард түмнийхээ жишгээр Сүхбаатарынхан ч О.Хангай аваргыг халуун дотноор хүлээн авч байв. Тэрбээр 2018 онд болсон Алтан овооны 105 жилийн ойд улсын гарьд цолтой байхдаа ирж барилдаж байжээ.


Зургаан насны хурдан морины уралдаан хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, уралдааныг шаардлагатайгаас өөр машин дагаагүй нь мөн л олны талархлыг хүлээж байлаа. Сэрвээний өндрийг хэмжиж морьдыг уралдааны замд гаргасан бөгөөд сэрвээний хэмжилтийг болоод уралдааны үйл явцыг иргэд, наадамчин олон лед дэлгэцээр шууд харах нөхцлийг бүрдүүлжээ.

Баяр наадмын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас нисгэгчгүй дроныг ашиглан агаараас хяналт тавин гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, наадамчин олны аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Онгон, Эрдэнэцагаан сумдын хилийн цэргийн анги, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хамтран баяр наадмын хамгаалалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулсан юм. 

Холбоотой мэдээ