Д.Чойжамц: Монгол түмний биет болон биет бус соёлын өвийг дэлхийд таниулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даншиг наадам, Хүрээ цам нь нүүдэлчин Монгол түмний өв, соёл, шашны биет болон биет бус нандин уламжлалаа дэлхий дахинд таниулж байгааг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Учир нь Монгол
орныг өргөн уудам газар нутаг, үзэсгэлэнт байгаль, Чингис хааны баатарлаг
түүхээр төсөөлдөг бол өвөг дээдэс маань цорын ганц нүүдлийн соёлыг гайхамшигт
түүхийн хамт бидэнд үлдээсэн билээ. Энэ соёл уламжлал нь тусгаар тогтнол ганхсан
16 дугаар зууны үед улс гүрний тулгуур болж, халхын хаад ноёд, энгийн ард иргэд
Өндөр гэгээн Занабазарыг анхдугаар Богдод өргөмжлөн, даншиг наадам хийснээр
1911 оны Богд хаант Монгол Улстай золгосон түүхтэйг тэрбээр тэмдэглэлээ.
Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвижээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн бүжин наадна. Шашин соёлын баярт 100 гаруй цамчин оролцож байна. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой юм.
Нээлтийн үеэр НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ, “Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн өргөжин хөгжиж байна. Бидэнд өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх нэн тэргүүний үүрэгтэй тул нүүдэлчдийн хот гэдгээ умартах ёсгүй билээ. Иймээс улсынхаа нийслэлийг олон улсад сурталчлах, сөв уламжлал, оёл аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар даншиг наадам Хүрээ цамыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд БНХАУ-ын ӨМӨЗО, Дээд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн эрдэмтэд, хүчтэнүүд, уран бүтээлчид ороцож байгаагаараа онцлогтой” хэмээв.