Нийслэлийн автозамын 54 уулзварын нөхцөл байдлыг тодорхойлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-01 13:10:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсад ашигладаг уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтын ангиллыг тооцоолох диаграммын аргачлалаар Улаанбаатар хотын төвлөрлийн бүсийн 54 уулзварын нөхцөл байдлыг тодорхойлжээ.


Үүнд давхар түвшнээр зохицуулах шаардлагатай 26, тойрог замаар зохицуулах 23, гэрлэн дохиогоор зохицуулах гурав, зохицуулга шаардлагагүй хоёр уулзвар байгаа бөгөөд түгжрэлийг шийдэх гарц нь их багтаамжийн нийтийн тээвэр гэдгийг тодотгосон байна.


Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн ярихдаа, “Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт багадаа 336 мянга, ихдээ 478 мянган тээврийн хэрэгсэл бүртгэсэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж эхэлж байна. Ачаалал их гудамж, замуудын байршлыг гаргаж, түгжрэлийн уртыг тооцоход түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байна. Үүнийг үе шаттай шийдвэл үр дүнд хүрнэ. Зарим замд нэг чигийн зохицуулалт хийснээр хөдөлгөөний эрчим сайжирсан гэлээ.


Он гарснаас хойш буюу эхний хагас жилд манай улс 61 мянган автомашин импортолсны 59 мянга нь Улаанбаатар хотод явж байна.

 

Холбоотой мэдээ