НИТХ-ыг энэ сард яаралтай хуралдуулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-09-14 15:07:13

НИТХ-ыг энэ сард яаралтай хуралдуулах шаардлагыг НИТХ-ын дарга Ц.Сандуйд хүргүүлж буй талаар НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, төлөөлөгч Л.Нарантуяа, Т.Батцогт нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Ц.Баатархүү “Зургадугаар сарын 29-ны ээлжит сонгуулиар бүрдсэн НИТХ дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралдах ёстой. Харамсалтай нь долоо, наймдугаар сард хуралдсангүй. Хэрэв ээлжит хуралдааныг хойшлуулахаар бол НИТХ-ын Тэргүүлэгчдээр заавал тогтоол гарган товлох ёстой. НИТХ ардчиллын зарчмаас ухарч байна. НИТХ хоёр удаа ямар ч шалтгаангүйгээр хурал тасаллаа. 2012-2016 оны хооронд хэрэгжүүлж ирсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, автозамын шинчлэлт, тусгай замын автобусын төсөл, дэд төвүүдийг хөгжүүлэх асуудал, Улаанбаатар хотын тохижилт гэх зэрэг олон асуудлын эрчим суларч Улаанбаатар хот эзэнгүйдэж байна. Энэ утгаараа НИТХ-ын дарга Ц.Сандуйд шаардах бичиг хүргүүлж байна” гэлээ.

Мөн харьяа агентлагуудад бүтцийн өөрчлөлт нэрээр олон төрийн албан хаагчийг чөлөөлж, 2012 оноос хойш ажилд орсон хүмүүст шахалт үзүүлж ялгаварлан гадуурхаж байгаа гэв. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Төрийн албан хаагчдын ажиллаж боломжийг хааж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агентлагуудын 200 гаруй албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ нь төрийн алба нь нам бус байх хууль тогтоомжийг зөрчиж байна. Хотод хийх ажил их байна. Гэтэл ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг хомроглон халж байна. Бид ажлаас халагдсан олон төрийн албан хаагчийнхаа эрх ашгийг хамгаалах болно" гэлээ. Нийслэлийн Ардчилсан нам 7000-1206 гэсэн дугаарыг утсыг ажиллуулж, үндэслэлгүй халагдаж байгаа төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж дуу хоолой нь болохоор төлөвлөснөө мэдэгдэв. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ