ХОВД: Сангийн хэрэм дагуу 1.8 км авто замыг шинэчлэн засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-21 20:53:06

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймаг энэ жил авто замын бүтээн байгуулалтын ажлыг чухалчилж, хэд хэдэн тодорхой цэгт зам засварын ажил хийхээр төлөвлөсөн.

Энэ удаа Жаргалант сумын хатуу хучилттай авто замын засвар шинэчлэлийн ажлыг эхэлж,  Буянт голын бага гүүрнээс Тэмээт хөшөөний дэргэдэх гурван замын уулзвар хүртэлх 1.8 км авто замыг шинэчлэн засварлахаар болжээ.

Энэхүү замын ажлыг "Ховд АЗЗА" төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон хариуцан, улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд ажлаа стандартын дагуу 10 дугаар сарын 30-ны өдөр  хүртэл үргэлжлүүлнэ.

Тус замыг 60 гаруй жил ашиглахдаа засвар шинэчлэлийн ажил бараг хийгээгүй (2012 онд өнгөн хучилт хийсэн), зорчих хөдөлгөөн хамгийн их бөгөөд эвдрэл гэмтэлтэй байжээ. Иймээс тухайн чиглэлийн авто замыг А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн улсын чанартай замд энэ жилээс харьяалуулж, арчилгаа үйлчилгээг нь сайжруулахаар болсон байна.  

Гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг татдаг, эртний  түүх дурсгалын нэг болох Сангийн хэрэм нь тус зам дагуу бий. 


Сангийн хэрмийн эмтэрхий туурь одоо ч нүд хужирласан хэвээр байгаа бөгөөд түүнийг үзэх жуулчдын зорчих замыг засварлаж байгаа нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх давуу талтай. Үүний зэрэгцээ Жаргалант сумын иргэд, ялангуяа Наран, Рашаант багийн иргэд өдөр тутам стандартын шаардлага хангасан аюулгүй замыг ашиглах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Цаашид 10-аад машин техник хэрэгсэлтэй 20 гаруй мэргэжлийн хүн авто замын засвар шинэчлэлийн ажилд оролцож, уртасгасан цагаар ажиллах юм. Энэ хугацаанд тухайн чиглэлийн авто замыг хаах тул иргэд, жолооч нарыг дээрх чиглэлд авто замын хөдөлгөөнөө зохицуулахыг хүслээ.

Холбоотой мэдээ