Сарлаг бугуйлдаж, булгиулах тэмцээнд 113 малчин залуу оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-07-21 12:50:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт болж буй аялал жуулчлалын эвент арга хэмжээ “Сарлагийн наадам-2023” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Наадмын эхний өдөр “Сарлаг бугуйлдах”, “Сарлаг булгиулах” тэмцээн болж, 113 залуу малчин оролцон эр чадал, авхаалж самбаагаар өрсөлдлөө.


“Сарлаг бугуйлдах” тэмцээний шалгаруулалтыг III үе шатаар зохион байгуулснаас  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ түрүүллээ. Тэмцээний хоёр дахь шатанд сарлагийг зүсэлж бугуйлдахад 5 залуу тунаж үлдэв. Тэд бөөн үхрээс нэг удаа бугуйл шидэж, хамгийн том үхрийг бугуйлджээ.  


Тэмцээний дэд байранд Алаг-Эрдэнэ сумын малчин Г.Баянмөнх, гуравдугаар байранд Бүрэнтогтох сумын малчин Э.Өсөхбаяр орж, мeдаль, мөнгөн шагналаар шагнуулав.


Энэ удаагийн сарлагийн наадмыг “Зочлох жил”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин-аялал жуулчлалын болон, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран зохион байгуулж байна.


“Сарлагийн наадам-2023” Хөвсгөл аймгин Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн талд үргэлжилж байна.


Холбоотой мэдээ