АРХАНГАЙ: Төсвийн шууд захирагчид Засаг даргын нөөц хөрөнгийг сумын шилдгүүд, ой, тэмцээн уралдаанд түлхүү зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-21 11:01:55

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Аудитын газраас аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитад нийт 118 байгууллагыг нэгтгэсэн. Үүний дотор ТЕЗ-ийн харьяа төсвийн шууд 50 захирагчийн буюу аймаг, сумын ЗДТГ, ИТХ, агентлаг, хэлтэс, газруудын санхүүгийн тайланд аудит хийсэн байдаг.


-Аудитаар элэгдлээ бүрэн нөхсөн, ашиглалтын хугацаа дууссан үндсэн хөрөнгүүд тайлан балансад бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дууссан үндсэн хөрөнгийг дахин үнэлж, орлогод авахдаа анхны өртгөөр бүртгэсэн,


-Цалингийн зардлыг тооцоо үүсгэн өглөг дансаар дамжуулан бүртгээгүй, цалингийн зардлын бүртгэл хөтлөлт хангалтгүй, цалинг илүү дутуу тооцож олгосон,


-Шатахуун, томилолт, үндсэн хөрөнгө, бараа материал, цахим төлбөрийн баримттай холбоотой анхан шатны баримтын бүрдүүлэлт хангалтгүй, нярвын тайлан тооцоог үнэн зөв, батлагдсан маягтын дагуу бэлтгээгүй, анхан шатны баримтын бүрдүүлэлт, баталгаажуулалт, гарын үсгийн бүрдэл хангалтгүй,


-Засаг даргын нөөц хөрөнгийг тэмдэглэлт ойн арга хэмжээний зардал, тэмцээн уралдааны шагнал урамшуулалд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин түлхүү зарцуулсан,


-Авлага, өр төлбөр үүсгэсэн, төсөвт зохицуулалт хийлгүйгээр зориулалт бус зарцуулсан,


-Э-тайлан балансад дансны эдийн засгийн ангилал, дансны кодыг зөрүүтэй, алдаатай тайлагнасан зэрэг нийтлэг алдаа зөрчлүүд илэрсэн байна.


Мөн аймгийн ТЕЗ-ийн харьяа ТШЗ-ийн санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлийн 49.3 хувь буюу 520.5 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс тэмдэглэлт ойн баяр, арга хэмжээний зардал, сумын аварга, оны шилдгүүд, тэмцээн уралдааны шагнал урамшуулалд зарцуулсан зөрчил давамгайлж байгаа нь Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2019 оны 190 дүгээр тушаал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах шаардлагатайг харуулжээ.


Холбоотой мэдээ