ХОВД: Хар-Ус нуурын хамгийн том арал бол Агваш

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-19 10:28:50

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд  аймгийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг бол Хар-Ус нуур бөгөөд асар олон тооны усны шувуудын үүрлэж, өндөглөдөг, нүүдлийн шувуудын дайран өнгөрдөг гол чухал газар юм.   

Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ.

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт Агваш арал, Алаг уул, Юмын хоолой, Бөлбөөтийн тохой, Жанжин овоо, Рашаантын хүрхрээ зэрэг үзэсгэлэнтэй газрууд олон бий.

Онцлоход, Хар-Ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь Агваш хэмээх арал юм.

Агваш арал нь уулархаг зарим хэсэгтээ нам толгод, гүвээ элбэгтэй. Хамгийн өндөр цэг нь д.т.д 1440 м өргөгдсөн. Агваш нэрний тухай домог хууч яриаг нутгийнхан нь ярилцдаг. "Эрт үед олон хүүхэдтэй айл байжээ. Хүүхдийнхээ тоог аягаар нь тоолдог байж. Гэтэл нэг удаа нутаг сэлгэн нүүжээ. Орой хоолоо идэцгээж хүүхдүүдийнхээ аяганд хоол хийж өгөхөд нэг аяга эзэнгүй үлджээ. Аав нь эргээд ирэхэд Агваш нэртэй хүүхэд нь буурин дээрээ тоглоод сууж байсан" хэмээдэг.  

Холбоотой мэдээ