АРХАНГАЙ: Таван өдрийн аяллаар та юу үзэх вэ?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-06 10:37:23

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Зуны өдрүүдэд аяллаа хаанаас эхлүүлэхээ шийдэж чадаагүй танд Архангай аймагтай танилцах таван өдрийн аяллын маршрутыг танилцуулъя.


1 дэх өдөр:

Аялагч та эхний өдөр Улаанбаатараас баруун чиглэлийн хатуу хучилттай замаар 377 км яваад Хархоринд ирнэ. Энэ хооронд Элсэн тасархай хэмээх байгалийн сонин тогтоц бүхий газарт ирж амран, хоол идэж, тэмээ унах боломжтой. Энд нэг тэмээг унаад ирэхэд 10000 төгрөг гэдэг. Хархориноос хойд зүгт 45 км мөн хатуу хучилттай замаар яваад Хөшөө цайдамын музейг үзнэ.




Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 32-р тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хөшөө цайдам музейг байгуулсан байна. Музей нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимтайгаас гадна үзэсгэлэнгийн талбайтай.


1997-2007 онд Монгол Туркийн хамтарсан “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн үр дүнд Монгол орны төв нутагт буй VIII зууны Түрэг улсын алдар цуут хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгонуудыг судлан шинжлэх хайгуул малтлагын явцад алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүртгэгджээ.
Билгэ хааны тахилын онгоноос олдсон Билгэ хааны алтан титэм уг музейд хадгалагддаг юм.


 

Хөшөө цайдамд байрлах “Цайдам” баазад амарна.

 

2 дахь өдөр:

Аяллын хоёр дахь өдөр 177 км зайд орших Цэнхэрийн халуун рашаанд ирнэ. Уг рашаан нь алжаал тайлж амрахад тохиромжтой юм.



Рашаан нь их гүнийх бөгөөд дөрөвдөгч галавын хурдас их боловч хөрсний устай холилдохгүй гардаг. Рашааны температур нь 65-90 градусын халуун бөгөөд Монголдоо халуунаараа 2 дугаарт ордог. Цэнхэрийн халуун рашааны чанар нь ердийн шүлтлэг бөгөөд газрын гүнээс 86 градусын халуунаар 1 секундэд 10 л орчим ундран гардаг. Энэ рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг учраас хуян, мэдрэлийн судас үрэвсэх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, зөөлөн эдийн гэмтэл, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээхэд, ядаргаа, архаг арьсны өвчин, ил шарх, чихрийн шижин өвчтэй хүн бага тунгаар уувал сайн нөлөөтэй.


3 дахь өдөр:

Цэнхэрийн халуун рашаанд нэг хоног саатан амарсны маргааш өглөө аймгийн төв Цэцэрлэг хотод 28 км шороон замаар явж ирнэ. Цэцэрлэг хотод Булган уул болон цэцэрлэгт хүрээлэнгүүд, аймгийн музейгээр зочилж, аймгийн төвтэй танилцан цагаан идээ, айраг зэрэг нутгийн брэнд бүтээгдэхүүнээс худалдан авч болох юм. Мөн хоолны газар, кофе шопоор үйлчлүүлэн, АРА комплексоор орж, цирк, амьтны хүрээлэн, фото зургийн үзэсгэлэн зэргийг үзэж, хүүхдүүдээ тоглуулж тухална.




Эл өдөр Тайхар чулууг үзэж, үдийн хоолоо идээд Чулуутын хавцлыг зорьж, тэндээ амарна.




Архангай аймгийн нутагт орших Чулуут голын урт 415 км. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их, урсгал хурдтай уулын гол юм. Уг хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй тул доошлох тусам өргөсөж тэлэгдэнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.


4 дэх өдөр:

Чулуут голын хавцлаас Хорго, Тэрхийн цагаан нуурыг зорино. Энэ хугацаанд Чулуутын хавцлаас доош 15 км-ийн зайтай орших Чойдогийн боргиог үзэн сонирхон, Суман, Чулуут голын уулзвар болох Улаан давааг үзэх юм. Эндээс Тэрхийн цагаан нуур руу явна.

Архангай аймгийн Тариат сумын нутагт Чулуут-Суман голын бэлчирээс холгүйхэн орших нэг метр өндөртэй бяцхан хүрхрээг Чойдогийн боргио гэнэ. Энд Чулуут гол болон Сэлэнгийн сав газрын загас цугларч боргионы өөд үсрэн дүүлэх нь нэн сонирхолтой.


Урьд цагт энэ нутагт Чойдог хэмээх сайн загасчин байж. Намар орой загас урсгал сөрж, боргио өөд цовхчин давдаг байна. Яг ингэж цовхчих үед нь Чойдог гуай загасыг уургалж барьдаг байжээ. Үүнээс хойш уг боргиог “Чойдогийн боргио” гэж нэрлэх болсон гэдэг.

5 дахь өдөр:

Хорго, Тэрхийн цагаан нуурт амраад маргааш өглөө нь шууд Өгийнуурыг зорино. Өгийнуур нь Цэцэрлэг хотоос 140 км зайд алслагдана.


Өгий нуур нь Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс зүүн хойш орших үзэсгэлэнт нуур бөгөөд Орхон голын сав газарт харьяалагдана. Өгий нуурын ус намгархаг газар 2570 га талбайтай, эргийн шугамын урт нь 24,7 км, хамгийн гүн хэсэгтээ 15,3м, 171 сая м3 эзэлхүүнтэй, Хөгшин Орхон гол баруун урдаас цутгадаг. Өгий нуур орчимд явуулсан 2005-2006 оны судалгаагаар 266 зүйл ургамал, 20 зүйл хөхтөн, 15 зүйл загас, 83 зүйл усны шөвж бүртгэгдсэн байна. 2006 онд Орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.




Өгий нуурын ойролцоох баазуудад эсвэл нуурын эрэгт майхнаа бариад амарч болох таатай орчин таныг хүлээж байна. Эндээ амраад зургаа дахь өдрөө 350 км зам туулж Улаанбаатарт очно.


Холбоотой мэдээ