ХОВД: ОХУ-ын төлөөлөгчид Ховд аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-20 12:15:57

Жаргалант /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын их хурлын төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Тува Улсын Дээд хурлын төлөөлөгчид  энэ сарын 19-21-ний өдөр Ховд аймагт ажиллаж байна. 

Ажлын багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын дээд Хурлын дарга К.Т.Даваа болон ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын хурал-Эл Курултай хурлын дарга Артур Павлович Кохоев нараар ахлуулсан депутатууд багтжээ.    

Эдгээр төлөөлөгчийг өнөөдөр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзан,  хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Ховд аймгийн тухай болон Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, талуудын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Ийнхүү хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулснаар талууд эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, газар тариалан, хүрээлэн буй орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг болон спортын салбарт өөрийн эрх хэмжээний хүрээнд олон талаар хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Үүнээс гадна хоёр улсын хооронд аялал жуулчлалын маршрут байгуулах, олон улсын зам дагасан транзит тээврийг хөгжүүлэх, "Алтай бидний нийтийн гэр" үйл ажиллагааг сэргээх, Алтайн уулсыг тойрсон энэ бүс нутгаа хамтдаа хөгжүүлэх тал дээр санал бодлоо нэгтгэлээ.

ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын их хурлын төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Тува Улсын Дээд хурлын төлөөлөгчид үргэлжлүүлэн МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэл, соёл судлалын тэнхимээр зочилж, Орос хэлний сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэ үеэр багш, оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, орос хэл, оросын түүх, соёлын чиглэлээр яриа өрнүүлсэн юм.

Тус сургуулийн Гадаад хэл, соёл судлалын тэнхим нь 1994 оноос эхлэн орос хэлний мэргэжилтэн бэлтгэж, орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг Ховд аймагт тогтмол зохион байгуулж иржээ.

   

Холбоотой мэдээ