ХОВД: Дөргөн сум 2024 он гэхэд шүдний кабинеттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-19 11:56:40

Дөргөн /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумын Эрүүл мэндийн төв 23 эмч, ажилтантай. 3050 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд алсын дуудлагад явахдаа 120-250 км замыг туулдаг. 

Одоогоор Дөргөн сумын иргэдийн 21 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамрагджээ. 
"Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл"-ийн 2 дугаар үе шат буюу МАSАМ II төслийн хүрээнд Дөргөн сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдийн оролцоотой үнэлж, нийтлэг тулгамдсан асуудлыг илрүүлэх, судалгааны үр дүнд суурилан, бодлогын нөлөөлөл хийх зорилгоор асуумж авсан байна.  

"Тэгш боломж хөгжлийн дэмжлэг" ТББ энэхүү асуумж, судалгааны ажлыг хариуцан гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүнг нийтэд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилготой "Нүүр  тулсан  уулзалт"-ыг 5 дугаар сарын 18-нд Дөргөн суманд зохион байгууллаа. 

Уулзалтад Дэлхийн зөн Монгол ОУБ-ын МАSАМ II төслийн зохицуулагч Б.Ууганхүү, “Тэгш боломж хөгжлийн дэмжлэг" ТББ-ын тэргүүн С.Хишигтогтох болон Дөргөн сумын удирдах ажилтнууд, төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, малчид, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Иргэдийн үнэлгээ, судалгааны үр дүнд Дөргөн сумын Эрүүл мэндийн төвд хүний нөөцийн дутагдалтай, ялангуяа шүдний эмч байхгүй, Ундны усны чанарыг эрүүл ахуйн үүднээс авч үзвэл найрлага нь хүний биед зохимжгүй, хатуулаг ихтэй, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдийн тоо бага байна гэсэн 3 асуудал эрэмбэлэгджээ. 

Иймээс  цаашид Дөргөн сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 18-34 насны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Мөн Дөргөн сумыг  2024 он гэхэд шүдний кабинеттай, шүдний нарийн мэргэжлийн эмчтэй болгох зорилт дэвшүүллээ.    
Одоогоор Ховд аймгийн Дарви, Булган, Жаргалант суманд шүдний кабинеттай, шүдний нарийн мэргэжлийн эмчтэй. Харин бусад 14 суманд энэ төрлийн эмч байхгүй байгаа юм.  

Холбоотой мэдээ