“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт: Хэн хэн оролцож, юуны талаар хэлэлцэх вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-19 13:18:52

ТОКИО. /AP/. Дэлхийн хамгийн хүчирхэг ардчилсан долоон орны удирдагчид Дэлхийн II дайны төгсгөлд атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотноо дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байна.


Энэ удаагийн уулзалтаар хөгжиж буй томоохон орнууд дэлхийн тавцанд шинээр гарч ирж байгаагаас өгсүүлээд аюлгүй байдлын асуудлууд, тэр дундаа Хятад, Умард Солонгос, Оросоос учрах аюул занал өсөн нэмэгдэж байгаад анхаарал хандуулах төлөвтэй байна. Ингээд уулзалтад хэн хэн оролцох, ямар асуудлуудыг хэлэлцэх талаар хүргэж байна. 


“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын тухайд

“Долоогийн бүлэг” бол аж үйлдвэржсэн тэргүүлэгч орнуудын албан бус бүлэг бөгөөд Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-аас бүрдэнэ.


Энэ жил Япон улс ээлж ёсоор “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гишүүн бус улс орон болон олон улсын байгууллагын удирдлагууд зарим хуралдаанд нь оролцдог уламжлал тогтоод байна.


Удирдагчид эдийн засгийн бодлого, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, жендэр зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг.


Анхны дээд хэмжээний уулзалт нь 1975 онд Францад болсон бөгөөд Арабын газрын тосны хоригийн дараа үүссэн эдийн засгийн хямралтай тэмцэх талаар хэлэлцэхээр тухайн үеийн “Зургаагийн бүлэг”-ийн хурлыг зохион байгуулж байжээ. Түүнээс жилийн дараа Канад долоо дахь гишүүн болжээ. ОХУ 1998 онд “Наймын бүлэг”-т нэгдсэн ч 2014 онд Москва Крымийг өөртөө нэгтгэсний дараа хасагдсан юм. 


Уулзалтад хэн хэн ирэх вэ?

Энэ жил Австрали, Бразил, Коморос, Кукийн арлууд, Энэтхэг, Индонез, БНСУ, Вьетнамын удирдагчид уригдаж байгаа бөгөөд Японы Ерөнхий сайд Кишида Фүмио “Дэлхийн өмнөд хэсэг” дэх хөгжиж буй орнууд болон АНУ-ын холбоотнууд, түншүүдтэй холбоо тогтоохын чухлыг онцолж байна.


“Долоогийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд багтдаггүй орнуудын удирдагчдыг урьсан нь хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд өргөжүүлэх зорилготой ажээ.


“Долоогийн бүлэг”-ийн орнууд 40 жилийн өмнө дэлхийн эдийн засгийн 50 хувийг бүрдүүлдэг байсан бол өдгөө 30 орчим хувь болж буурчээ. Хятад, Энэтхэг, Бразил зэрэг хөгжиж буй орнуудын эдийн засаг хурдацтай өсөж байгаа нь дундаж чинээлэг орнуудын өсөлтөөс улам бүр хамааралтай болж буй дэлхийн эдийн засгийг удирдан чиглүүлэхэд гүйцэтгэх “Долоогийн бүлэг”-ийн үүрэг, ач холбогдлынх нь талаарх асуултууд урган гарч ирэхэд хүргэж байна.


Энэ удаагийн уулзалтад НҮБ, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын удирдагчид мөн уригджээ.


Яагаад Хирошимад зохион байгуулж байгаа вэ?

Хирошима бол К.Фүмиогийн төрөлх хот юм. Тэрбээр уулзалтыг зохион байгуулах газраар энэхүү хотыг сонгосон нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх асуудлыг энэ жилийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын эн тэргүүнд тавихаар шийдсэнийг харуулж байна.


Сүүлийн үед Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн заналхийлж байгаагаас гадна, Хятад, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр зэргээс шалтгаалан цөмийн зэвсгээс ангижрах зорилгод хүрэхэд улам хэцүү болж байна.


АНУ-ын цөмийн шүхрээр хамгаалагдсан Япон хүртэл цөмийн зэвсгээс ангижрах амлалт нь хий хоосон гэх шүүмжлэлд өртөх болжээ. Харин К.Фүмио өнөөгийн хүнд хэцүү бодит байдал болон цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг цогцлоох үзэл санааны хооронд бодитой замын зураглал” гаргахыг эрмэлзэж байна.



Баасан гарагт К.Фүмио Хирошимагийн энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирсэн удирдагчдыг угтан авчээ. Тэрбээр мөн цөмийн зэвсэгтэй орнуудын тэргүүн нарыг атомын бөмбөгдөлтийн уршгийг харуулсан музейд зочлуулсан юм. Түүнчлэн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн төлөөлөлтэй уулзсан байна. 


К.Фүмио өнгөрсөн бямба гарагт Хирошимад дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, “атомын бөмбөгдөлтийн уршиг, үр дагаврыг өөрийн нүдээр харж, бодит байдлын талаар зөв ойлголттой болох нь цөмийн зэвсгээс ангижрах аливаа хүчин чармайлтын эхний алхам болно хэмээн найдаж байна” гэж хэлжээ.


Эн тэргүүнд ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Украинд өдүүлсэн ОХУ-ын дайныг эрс зэмлэн буруушааж, Киевт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлах төлөвтэй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уулзалтад биечлэн оролцож магадгүй байна.


Түүнчлэн Тайваньд Бээжингээс учирч буй аюул занал нэмэгдэж байгаад, мөн барууны ардчилсан орнуудын эдийн засаг, нийлүүлэлтийн хэлхээний Хятадаас хараат байдлыг бууруулах арга замуудад анхаарлаа хандуулах ажээ. 


Мөн Орос, Хятадын талаар харилцан адилгүй үзэл бодол, харилцаа холбоо бүхий, барууны гүрнүүдийн колони байсан дэлхийн өмнөд хэсгийн орнуудын хөгжилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд “Долоогийн бүлэг” тэдгээр орнуудад эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дэд бүтцийн салбарт илүү их дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна.


Дээд хэмжээний уулзалтын хүрээнд өөр ямар үйл явдлууд болох вэ?

К.Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нартай уулзаж, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, тэр дундаа цөмийн тогтоон барих хүчний талаар нягт хамтран ажиллах талаар ярилцах төлөвтэй байгаа нь олны анхаарлыг татаж байна.


Мөн Японы Ерөнхий сайд К.Фүмио, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар 1910-1945 оны Солонгосын хойг дахь Японы колончлолоос үүдэлтэй маргааны улмаас сэв суугаад байсан харилцаагаа сэргээж буй энэ үед Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд хамтдаа хүндэтгэл үзүүлэх ажээ.

Холбоотой мэдээ