Өнөөдөр Олон улсын музейн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-18 07:26:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын музейн өдрийг энэ жил “Музей, тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдвийн дор тэмдэглэж байна.


Олон улсын музейн зөвлөл /ICOM- International Council of Museums/ 1946 онд байгуулагдсан, 123 улс орон, газар нутагт ажиллаж амьдардаг 45,493 музейн мэргэжилтнийг нэгтгэсэн ашгийн төлөө бус олон улсын байгууллага юм.


1977 онд соёлын солилцоонд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах, нийгмийг хөгжүүлэхэд музей чухал ач холбогдолтой болохыг сурталчлах үүднээс тус зөвлөл “Олон улсын музейн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж ирсэн. Энэхүү үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдол нь жил ирэх тусам нэмэгдэж байна.


Олон улсын музейн зөвлөл 2018 оноос НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг эрхэм зорилгоо болгож 2020 оноос хойш Олон улсын музейн өдрийн үйл ажиллагаагаар дамжуулан Тогтвортой хөгжлийн тодорхой зорилгуудыг дэмжин ажиллаж иржээ.


Монгол Улсад Олон улсын музейн өдрийг 1998 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдсанаас хойш өргөн хүрээг хамруулан нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эл өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд байгаа музейнүүд тогтвортой байдал ба сайн сайхан оршихуйг дэмжиж уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл устах, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.


Монгол Улсын Соёлын яамнаас “Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” олон улсын музейн өдрийг дэмжиж, Олон улсын музейн зөвлөлийн Үндэсний хороотой хамтран ажиллаж байна.


Эдгээр өдрүүдэд төрийн өмчийн 12 музейд 37, орон нутгийн өмчийн 22 музейд 117 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Монголын Үндэсний музей “Эрүүл мэнд ба сайн сайхан оршихуйг дэмжих” тусгай хэрэгцээт үзэгчдэд зориулсан нээлттэй хөтөлбөр, Чингис хаан үндэсний музей ахмад ажилтнуудад зориулсан тайлбарт аялал, Байгалийн түүхийн музей “Зэрлэг амьтан, ургамал хамгаалах хамтын ажиллагаа” гар зургийн үзэсгэлэн, Баян-Өлгий аймгийн музей "Дэлхий даяар эрүүл мэнд ба сайн сайхныг дэмжих" өдөрлөг, Говь-Алтай аймгийн музей “Усаа хэмнэе” сургалт, Говьсүмбэр аймгийн музей “Музейн тогтвортой байдал ба хөгжил” хэлэлцүүлэг, Хөвсгөл аймгийн музейгээс "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа" хэлэлцүүлэг, “Музей” сургалт зэрэг олон нийтэд чиглэсэн эвент зохион байгуулж байна.


Энэ жилийн музейн өдрийг “Оюун ухааны музей”, “Равжаа музей”, Сүлд чуулгын “Цагдаагийн музей”, “Инспириэнс” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшлийн музей дэмжин хамтран ажиллаж буй юм.

Холбоотой мэдээ