СЭЛЭНГЭ: 470 ажлын байрны захиалгатай өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-17 16:57:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Партизаны талбайд “Ажлын байрны өдөрлөг”-ийг зохион байгуулж байна .

 

Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ МСҮТ, Шаамар МСҮТ, "Болд төмөр Ерөө гол" ХХК, "Илч хужирт" ХХК, "Эсмон констракшин" ХХК болон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, 17 сум, 6 тосгоноос Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцож байгаа юм.

Өдөрлөгийн хүрээнд ажил олгогчоос ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны зарыг иргэдэд нээлттэй зарлах.

Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдлэг олгох, ажилгүй иргэдийг ажил олгогчтой холбон зуучлах, зөвлөгөө өгөх.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд бүртгэх болон төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

 

“Ажлын байрны өдөрлөг”-ийг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ жил нийт 470 ажлын байрны захиалгатай, оролцогчдын тоо өссөн зэрэг эерэг үзүүлэлттэй болж байна. Мөн 70 иргэний 24 нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна хэмээн аймгийн ХХҮГ, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Ганцолмон ярилаа.

Өнөөдрийн үйл ажиллагаанд уул уурхайн чиглэлийн томоохон компаниуд иргэдтэй уулзаж, шууд ажлын байранд бүртгэж зуучлах үйл ажиллагаа болж буйгаараа онцлогтой болж байв.  

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” ХХК өнгөрсөн онд хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу постерийн системийг 14/14 ээлж болгон 100 хувь хэрэгжүүлсэн байна. Мөн ажлын байрыг 36 хувиар нэмэгдүүлэн ажил үйлсээрээ тэргүүлж, “Нийгмийн хариуцлагатай ажил олгогч” байгууллагаар шалгарчээ. Түүнчлэн хүний нөөцийн бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах бодлого баримтлан ажилладаг байна.

2023 оны эхний “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийн бүрдүүлэлтээ Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоноос өнгөрсөн 3 дугаар сард хийжээ.


Өнөөдрийн үйл ажиллагаанд тус компанийн зүгээс 57 албан тушаалд 140 орон тоонд бүрдүүлэлт хийж байна хэмээн тус компанийн Хүний нөөцийн албаны дарга Ө.Дүзиймаа ярьсан.

Мөн тус компанийн хувьд техник тоног төхөөрөмж шинэчлэгдсэнтэй холбоотойгоор операторууд, засварчид гэсэн ажлын байрууд эрэлттэй байгаа гэв. Эднийх нийт 2200 гаруй ажилтантайгаас 1120 гаруй нь Сэлэнгэ аймгийн харьяалалтай бөгөөд нийт ажилчдын 56 хувийг тус аймгийн иргэд эзэлдэг байна.

 

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны үйлдвэрлэгч З.Пагмадулам: 2010 оноос эхлэн уламжлалт сүү, цагаан идээгээ европ технологитой хослуулан үйлдвэрлэлээ явуулж байгаа аж. Анх өрхийн буюу гэр бүлийн бизнесээс эхэлж байсан үйл ажиллагаа нь өнөөдөр “Түнхэл сүү” хоршоо болон өргөжсөн байна. Борлуулалтаа Улаанбаатар хот болон Түнхэл тосгонд хийдэг гэв.

Тус хоршоо тосгоныхоо халамж үйлчилгээний хэлтэстай хамтран ажиллаж, жижиг зээлд хамрагдан үйлчилгээгээ улам өргөжүүлжээ.

Дээрх зээлийн тусламжтайгаар сав баглаа боодлоо сайжруулж, хөргүүртэй болсон байна. Цаашдаа зах зээлээ улам өргөжүүлэх бодолтой байгаа ажээ.

 

-Хүдэр сумын өрхийн үйлдвэрлэгч М.Уранчимэг: 2019 онд аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 5 сая төгрөгийн зээл авчээ. Түүгээрээ тоног төхөөрөмжөө сайжруулж өдөрт 40 ширхэг талх үйлдвэрлэдэг байсан бол одоо өдөрт 75 ширхэг талх үйлдвэрлэдэг болсон байна. Тэрбээр гэр бүлийн бизнесээ тогтвортой хөгжүүлж ажлын байраа тогтвортой хадгалан, өөрийн үйлдвэрлэдэг “Буриад талх”-аа сумын брэнд бүтээгдэхүүн болгож чаджээ.    

 

-Сайхан сумын иргэн Ш.Гэрэлмаа: 2015 онд уг зээлд хамрагдан дэмжлэг авч үйлдвэрлэлээ өргөжүүлсэн байна. Тэрбээр эрүүл эко хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн 5 иргэнийг тогтвортой ажлын байраар хангажээ. Эднийх дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологитой хослуулан гэрийн эзэгтэйн ажлыг хөнгөвчилж “Эзэгтэй” нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сумынхаа төдийгүй орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болгожээ.

Тухайлбал, элгээр хүүхдүүдийн дуртай шаржигнуур, гүзээгээр сонирхол татахуйц амт чанартай төрөл бүрийн хоол хийдэг байна.







    

Холбоотой мэдээ