Монгол-Германы хамтарсан биологийн экспедицийн 60 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
delgermaa@yahoo.com
2023-05-10 15:22:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ нь Европын Холбооны гишүүн орнууд дундаас Монголтой хамгийн ихээр идэвхтэй хамтран ажилладаг билээ. Манай хоёр улс  дипломат харилцаа тогтоосоноос хойш  68 жил өнгөрлөө. Энэ хугацаанд  олон салбарт идэвхтэй хамтран ажилласаар ирсэн бөгөөд биологийн салбарынх хамгийн олон жилийн түүхтэй.


Энэ жил Монгол-Германы хамтарсан биологийн экспедицийн 60 жилийн ой тохиож байгаа юм. Уг хамтарсан экспедицийн 50 жилийн ойгоор Германы  Халле-Виттенбергийн Мартин Лютерийн их сургуульд эрдэм шинжилгээний хурал хийж, дараахан нь буюу 2017 онд МУИС-Халле-Виттенбергийн Мартин Лютерийн их сургуультай хамтран эрдэм шинжилгээний хурал хийсэн билээ.

Харин биологийн хамтарсан экспедицийн 60 жилийн  ойг тохиолдуулан ХБНГУ-ын Элчин сайдын яамны байранд  гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Тэртээ 1962 оны зургадугаар сард хоёр улсын Шинжлэх Ухааны Академийн шугамаар биологич эрдэмтдийн анхны экспедици гараагаа эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш хоёр улсын биологичдоос  бүрдсэн экспедици хэрхэн Монголын хөдөө орон нутагт ажиллаж байсныг  харуулсан сонирхолтой гэрэл зургуудыг олны хүртээл болгожээ. XXI зуунд буюу өнөөдөр уг экспедиц хэрхэн ажиллаж байгаа зургуудийг тэртээх 60 жилийн өмнөх үетэй харьцуулахад маш сонин санагдана. Хамгийн гол нь хоёр орны эрдэмтэн судлаачид Монгол орны биологийн  олон янз байдлын талаарх хийсэн судалгааны үзүүлэлтүүд нь уур амьсгалын өөрчлөлт,  манай орны ургамал болон амьтны байдалд хэрхэн нөлөөлсөн тухай дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой юм.


Үзэсгэлэнгийн нээлтэд  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг, ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.Россбах, МУИС-ийн зөвлөх профессор, доктор Р.Самьяа, Гёрлитц дахь Зенкебергийн музейн захирал, Монголд 20 гаруй жил ургамал судлаачаар ажилласан профессор К.Веше нар оролцсон юм.


ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.Россбах хэлэхдээ  “Германы ЭСЯ-нд нээлтээ хийж буй гэрэл зургийн үзэсгэлэн нь их өвөрмөц юм. Учир нь энд тавигдсан гэрэл зургууд Монгол-Германы биологийн салбарын хамтын ажиллагааны 60 жилийн түүхийг өгүүлсэн.  Бид 2022 онд авсан  хамтарсан экспедицийн зургуудыг харьцуулсан байдлаар үзүүлж байна. Эндээс тухайн үеийн баг хамт олны ахуйн байдал ямар байсныг харж болно. Энэ нь 1990-ээд онд улс төрийн байдал өөрчлөгдсөний дараа ч Герман-Монголын харилцаа, хамтын ажиллагаа  тогтвортой тууштай хөгжиж ирсний нэг баталгаа юм” гэв.


МУИС-ийн зөвлөх профессор доктор Р.Самьяа “Өнгөрсөн  60 жилийн хугацаанд ямар их өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг түүхэн бодит баримтаар харуулж байгаа нь энэ үзэсгэлэнгийн онцлог юм. Хамтын ажиллагааны 60 жилийн түүхэн замналын 40 гаруй жилийн үйл амьдралын гэрч болж байгаадаа би хувьдаа туйлын баяртай байна” гэлээ.


Монгол, Германы хамтын ажиллагаа хэд хэдэн салбарт идэвхтэй хөгжсөөр байна.

Холбоотой мэдээ