Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч сансарт ниснэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-05-08 13:20:04

ЭР-РИЯД. /Anadolu/. Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч Олон улсын сансрын станцыг /ОУСС/ тавдугаар сарын 21-нд зорино гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээлжээ.


Тодруулбал, хөхний хорт хавдар судлаач Райана Барнави, Саудын Арабын эрэгтэй сансрын нисгэгч Али Аль-Карни нар тавдугаар сарын 21-нд “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр хийх “Axiom Mission 2” нислэгийн бүрэлдэхүүнд багтах ажээ.


NASA”, “Axiom Space” компани 10 өдөр үргэлжлэх “Axiom Mission 2”-ын баг бүрэлдэхүүнийг Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс “Falcon 9” пуужингаар тавдугаар сарын 8-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч 21-ний өдөр болгон хойшлуулжээ.


Саудын Арабын хоёр сансрын нисгэгч ОУСС-д зургаан сарын хугацаатай даалгавар гүйцэтгэж буй АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Аль Неядитэй хамтран ажиллах төлөвтэй байна. “Axiom Mission 2” нислэгт “NASA”-гийн сансрын нисгэгч асан Пегги Уистон командлагчаар, Жон Шоффнер нисгэгчээр тус тус ажиллах ажээ.


Саудын Араб сансар судлалын хөтөлбөрөө 2018 оноос хэрэгжүүлж, өнгөрсөн оноос сансрын нисгэгчдээ сансарт илгээх хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Энэхүү хөтөлбөр нь сансрын нисгэгчдийг урт болон богино хугацааны сансрын нислэгт бэлтгэх, эрүүл мэнд, тогтвортой хөгжил, сансрын технологийн чиглэлээр шинжлэх ухааны туршилт, судалгаа хийх боломжийг олгодог байна. 

Холбоотой мэдээ