ХОВД: Туркийн Элчин сайд Зафер Атеш Ховд аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-04 09:53:59

Жаргалант /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон холбогдох албаны төлөөллүүд Ховд аймагт зочиллоо.
  

Ховд аймгийн удирдлагууд энэ сарын 3-нд Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.  


Уулзалтын үeэр аймгийн онцлох ажил, давуу тал, цаашдын зорилго, зорилтыг танилцууллаа.


Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг талууд онцлон хэлэв.


Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-ийн дэмжлэгээр Ховд аймгийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт олон төсөл хэрэгжиж, эeрэг үр дүн гарч байна. 


Тус байгууллага нь аймгийн цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх, эрүүл мэндийн салбарт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, эхо аппарат, түргэний машин олгох зэрэг бодит дэмжлэг үзүүлж байсан.


Тэгвэл энэ удаагийн уулзалтын явцад ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний ажилд ашиглах ходоодны дурангийн аппарат олгох, хүүхдийн хөгжлийг дэмжиж "Stem" хэрэглэгдэхүүн тоглоомыг цэцэрлэгүүдэд нийлүүлэх гэх мэт санал хүсэлтийг уламжиллаа.  


ТИКА-ийн төлөөлөгчид мөн Ховд аймагт ажиллах үеэрээ орон нутагт хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнтэй танилцаж, цаашид олон талт төсөл хэрэгжүүлж хамтран ажиллахаар зорьж байгааг илэрхийлэв.

  


Холбоотой мэдээ