"Монгол-Солонгосын олон нийтийн дипломатын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт семинар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-07 14:39:19

Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа “Солонгосын соёлын долоо хоног-2016” арга хэмжээний хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Монгол-Солонгосын олон нийтийн дипломатын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт семинар болов.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг семинарыг нээж хэлсэн үгэндээ 2016 онд хоёр орны төрийн тэргүүн нар харилцан айлчилсан чухал ач холбогдолтой жил байсныг дурдаад Монгол Улс аюулгүй байдлаа баталгаажуулах, өөрийн улсын язгуур эрх ашгийг хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, гадаад бодлогын зорилтоо зөөлөн хүчний зарчмаар хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч, соёлын гадаад харилцаагаар дамжуулан Монгол Улсын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.

Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сун, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Сол Хүн, Чү Хэ Сон, БНСУ-ын ГХЯ-ны Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Элчин сайд Жо Хен Дон зэрэг төлөөлөгч оролцсон бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг төлөөлөгчидтэй товч уулзалт хийв.

“Солонгосын долоо хоног-2016” арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Монголчуудад Солонгосын соёлын талаар танин мэдэх боломжийг олгох зорилготой зохион байгуулагдаж байна.

2016 оны 9 дүгээр сарын 6-наас 12-ны хооронд болох тус арга хэмжээ нь БНСУ-аас хилийн чанадад суугаа ЭСЯ-аас зохион байгуулдаг, олон нийтийг хамарсан томоохон соёлын үйл ажиллагааны нэг юм.

Холбоотой мэдээ