“Долоогийн бүлэг” Орос руу хийх экспортыг бүхэлд нь хориглож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-21 16:57:05

ТОКИО. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн орнууд Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэх зорилтынхоо хүрээнд Орос руу хийх экспортыг үндсэндээ бүхэлд нь хориглох хувилбарыг хэлэлцэж байна гэж Японы Засгийн газрын эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.


Япон улс ирэх тавдугаар сард баруун нутгийн Хирошима хотдоо “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх, Орост тавьсан хоригийг чангатгах арга хэмжээнүүд болон бусад чухал сэдвүүдийн талаар хэлэлцэнэ.


“Долоогийн бүлэг”-ийн орнууд Орос руу цэргийн зориулалтаар ашиглах боломжтой бүтээгдэхүүн, тансаг зэрэглэлийн бараа зэрэг өргөн хүрээний бараа бүтээгдэхүүнийг экспортлохоо хэдийнээ зогсоогоод байгаа юм. Харин сүүлийн төлөвлөгөөнд хуучин машин, дугуй, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэргийг хамруулан хоригийг өргөтгөж магадгүй гэж эх сурвалж хэлжээ.


Тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болох дээд хэмжээний уулзалтад Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, мөн Европын Холбооны удирдагчид оролцоно. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг уулзалтад цахимаар оролцохыг уриад байгаа юм. 

Холбоотой мэдээ