НҮБ: Энэтхэг хүн амын тоогоороо Хятадыг удахгүй гүйцнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-04-20 11:53:15

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Энэтхэгийн хүн ам 2023 оны дунд үе гэхэд 1.4286 тэрбумд хүрч, Хятадын хүн амыг /1.4257 тэрбум/ гүйцнэ гэж НҮБ тооцоолж байна. Лхагва гарагт шинэчлэн танилцуулсан НҮБ-ын Дэлхийн хүн амын төлөв байдлын тайланд энэ талаар дурджээ.


НҮБ-ын өмнөх төсөөллөөр, Хятадын хүн ам 2050 он гэхэд 1.313 тэрбумд хүрч, 2100 он гэхэд 800 саяас доошилж буурах төлөвтэй байна. Шинжээчдийн хэлснээр, энэ нь нэг хүүхдийн бодлогыг удаан хугацааны турш баримталсантай холбоотой бөгөөд тус улсад 2016 оноос гэр бүлүүдийг хоёр хүүхэдтэй болохыг, 2021 оноос гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм.


Харин Энэтхэгийн хүн амын өсөлт 2011 оноос хойш дунджаар 1.2 хувьтай байна. Гэхдээ энэ үзүүлэлт нь өмнөх арван жилд 1.7 хувь байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болохыг “Reuters” агентлаг засгийн газрын тоон мэдээллийг эш татан уламжилжээ.


НҮБ-ын мэдээллээр, Энэтхэгийн хүн амын 26 хувь нь 10-24 насныхан байгаа бол Хятадад энэ насныхан хүн амын 18 хувийг эзэлж байна. Энэтхэг улсын хамгийн сүүлд танилцуулсан хүн амын тооллогын мэдээлэл 2011 оных байгаа юм. НҮБ Энэтхэгийн хүн амын тоог 2050 он гэхэд 1.668 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна.


“Дэлхийн хүн амын төлөв байдал-2023” тайланд мөн Египет, Этиоп, Нигери, Танзани, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Пакистан, Филиппиний хүн ам хурдацтай өсөж байгааг онцлоод, эдгээр орон 2050 он гэхэд дэлхийн хүн амын өсөлтийн тэн хагасыг бүрдүүлэх төлөвтэй байгааг дурджээ. 

Холбоотой мэдээ