И.Маск “ChatGPT”-тэй өрсөлдөх платформ бүтээхээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-19 08:52:13

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн тэрбумтан Илон Маск “Microsoft”, “Google” компаниудын санал болгож буй чатботуудтай өрсөлдөх “TruthGPT” хэмээх хиймэл оюун ухаант платформ бүтээнэ гэдгээ мэдэгджээ.


Тэрбээр дуулиан шуугиан тариад буй “ChatGPT” чатботыг бүтээсэн, “Microsoft”-ийн дэмжлэгтэй “OpenAI” компанийг хиймэл оюун ухааныг “худал хэлэхэд сургаж байна” хэмээн шүүмжлээд, “OpenAI” одоо “Microsoft”-той нягт холбоо хамаарал бүхий “хаалттай эх сурвалж”, “ашгийн төлөө” байгууллага болсон гэж хэлсэн байна.


И.Маск мөн “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейжийг хиймэл оюун ухааны аюулгүй байдлыг нухацтай авч үзэхгүй байна хэмээн буруутгажээ.


“Миний бие орчлон ертөнцийн мөн чанарыг ойлгохыг оролддог туйлын үнэнийг эрэлхийлдэг 'TruthGPT'” гэж нэрлэгдэх хиймэл оюун ухаан бүтээхээр төлөвлөж байна” гэж И.Маск “Fox News” сувагт ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна.


Түүний хэлснээр, “TruthGPT” нь хүн төрөлхтөнд аюул учруулах магадлал бага бөгөөд аюулгүй байдлын хамгийн шилдэг арга зам байж болох гэнэ. Түүнчлэн хожуу эхэлж байгаа ч гурав дахь сонголтыг бүтээхийг хичээх болно гэжээ.


И.Маск “OpenAI”-тай өрсөлдөх гарааны компанийн байгуулахаар “Google”-ийн хиймэл оюун ухааны чиглэлийн судлаачдыг урвуулан авч байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлсэн байна.


Мөн Америкийн тэрбумтан өнгөрсөн сард Невада муж улсад “X.AI” хэмээх шинэ компаниа бүртгүүлснийг холбогдох баримт бичгүүд харуулжээ. 

Холбоотой мэдээ