Хадан зураг дахь монгол бүжгийг тайзнаа амилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2023-04-15 21:44:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон дахь хадан зургийн дүрслэлийг хөгжим, бүжгийн хэлээр амилуулж монгол бүжгийн түүхийг нэгэн цаг дор товчоолон харуулах “Тэнгри бүжи” буюу “Тэнгэр бүжиг” тоглолт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 4-р сарын 21-нд болно. Энэ бол ЮНЕСКО-гийн Дэлхийн бүжгийн зөвлөлийн гишүүн, бүжиг дэглээч, судлаач М.Мөнгөнцэцэгийн уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолт юм.


Түүний дэглэсэн бүжгүүд ардын язгуур урлагийн уламжлалд суурилж, ажиглалт хийсвэрлэлээр бие биелгээтэй холбосон, хүний биеийн уян налархай, хэмнэлэг хөдөлгөөнөөр баялаг, яруу төгс  илэрхийлэмжтэй байдаг. Монгол бүжгийн түүхийг таниулахыг зорьж тоглолтоо “Тэнгри бүжи” хэмээн нэрлэснээ бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг тодотгож байна.

 

Дэлхий дахинаа учрыг нь тайлж чадаагүй нууц бичиг - руни гэж нэрлэгдэж байсан эртний хадан бичээсээс хамгийн анх “тэнгри” гэдэг үгийг тайлж уншсанаар тэрхүү бичээсийн нууцад анх нэвтэрсэн бол, “бүжиг” гэдэг үгийг мянган жилийн өмнөх, мал аж ахуйтны анхны толь бичигт “бүжи” хэмээн бичсэн байдаг. Ийнхүү нэрнээсээ л монголчуудын соёл, түүхийн мэдээллийг агуулсан энэхүү тоглолтод алдарт “Толин хул” дууны аянд бүждэг “Домог” биелгээ зэрэг хадны зургаас сэдэвлэсэн уран бүтээлүүдээс нь гадна эртний, сурвалжит, ордны бие биелгээ гэсэн хэсгүүдтэй байхаар тоглолтоо найруулжээ.

 

Бүжигчин, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг, “Би бүжгийн урлагтай амьдралаа холбоод 44 жил болж байна. Анх бие биелгээ зааж яваад хадны зураг руу, улмаар адууны тамга, тойрон бүжгийн судалгаа руу орсон” хэмээн тодотгоод, 



Монгол биелгээ маань үнэхээр гайхалтай. Монголчууд мөрөөрөө жороо мориныхоо явдлыг, тэмээнийхээ жонжих, тэших янз байдлыг яруу сайхан бүжиж илэрхийлдэг дэлхийн цорын ганц үндэстэн. Чухам тиймээс монгол бүжигт цээжин биеийн хөдөлгөөн давамгай байдаг онцлогтой.


Мөн монгол орон дахь хадны зургуудын уран сайхны илэрхийлэл нь гайхамшигтай бөгөөд тэдгээрт бүжгийн дүрслэл их бий” хэмээн хадан зургаас сэдэвлэсэн бүтээлүүдээ тодорхойлсон юм.

 

“Тэнгри бүжи” тоглолтод Үндэсний урлагийн их театр, СУИС, Цэргийн дуу бүжиг, Хилийн цэрэг, “Түмэн-Эх”, “Сүлд” “Соёмбо” чуулгын бүжигчид, “Натурдаанс”, “Эсэргэн”, “Хатан туул”, “Moondance” хамтлаг гээд өнөө цагт бүжгийн урлагийг өнгөлж яваа уран бүтээлчид оролцоно.

 

Бүжигчин, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг уран бүтээлийнхээ анхны тоглолтыг “Бодит нүүдэл буюу хүн нүүдэл” нэртэйгээр 2004 онд толилуулж байжээ.

 

Холбоотой мэдээ