“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зарим бүлгийн үнэ тарифыг өөрчлөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-04 16:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-ын хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зарим бүлгийн тээврийн үнэ, “Хялганат” ХХК-ийн үнэ, “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийг хэлэлцэв.


“УБТЗ” ХНН-ийн дотоодын ачаа, зорчигч тээврийн тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлэн, ашигтай түвшин хүртэл индексжүүлэх үүднээс “УБТЗ” ХНН-ийн дотоодын ачаа тээврийн 16, зорчигч тээврийн 2 бүлгийн үнэ, тарифын өөрчлөлтийг хянаж, зөвшөөрөл олгосон байна. Ингэхдээ нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг 68.3, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг 138.5, төмрийн биш хүдэр тээвэрлэлтийг 30, УБТЗ-аас түрээсэлсэн хөдлөх бүрэлдэхүүнээр ачаа тээвэрлэлтийн тарифыг 30 хувиар нэмэх “УБТЗ” ХНН-ийн саналыг хүчингүй болгож, бусад тээврийн бүлгийн үнэ, тарифыг нэмэх саналыг хэвээр үлдээлээ. Мөн “Хялганат” ХХКйн дагнасан хэрэглээний салбар замаар ачаа тээвэрлэхэд ашиглах үнэ тарифын өөрчлөлтийг хянаж, зөвшөөрөл олгохоор шийджээ.


Харин “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийг дахин нягтлах шаардлагатай гэж үзэн хүсэлтийг буцаасныг ШӨХТГ мэдээллээ. 

Холбоотой мэдээ