“BTS” хамтлагийн гишүүн Жимин “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-04 14:06:41

ВАШИНГТОН. /BBC/. БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Жимин АНУ-ын “Billboard”-ын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн БНСУ-ын анхны соло уран бүтээлч болжээ.


Түүний “Like Crazy” дуу энэ долоо хоногийн “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлсэн байна. Өдгөө 27 настай уран бүтээлч энэхүү амжилтынхаа талаар “Instagram” хуудсаараа дамжуулан 49 сая дагагчтайгаа хуваалцжээ.


BTS” нь 2020 онд “Billboard”-ын жагсаалтуудыг тэргүүлсэн БНСУ-ын анхны хамтлаг болж байсан юм. Өнгөрсөн онд тэд уран бүтээлээ түр завсарлаж, ганцаарчилсан төслүүд дээрээ ажиллахаар болсноо мэдэгдсэн билээ.


Хөвгүүдийн хамтлаг дэлхий даяар ямар олон үнэнч шүтэн бишрэгчтэйг Жиминий “Like Crazy” дууны амжилт харуулж байна гэж соёл урлагийн салбарын шинжээчид хэлж байна.


“BTS” хамтлаг нь “Dynamite”, “Butter” зэрэг “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлсэн зургаан хит дуугаараа АНУ-д “K-pop” урсгалыг сурталчлан таниулсаар ирсэн юм.


Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг өнгөрсөн жил “дэлхийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн жагсаалт”-д Америкийн дуучин Тейлор Свифтийн араас хоёрдугаарт жагссан бол өмнөх жил нь томоохон цомгоо гаргахдаа уг жагсаалтыг тэргүүлж байв.  

Холбоотой мэдээ