ДОРНОГОВЬ: Тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд татгалзсан хариу өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-29 12:30:54

Сайншанд /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-нд хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Улаанбадрах суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах нэр бүхий хоёр компанийн хүсэлтийг хэлэлцэн татгалзсан шийдвэр гаргалаа.

Улаанбадрах сумын төвөөс баруун тийш орших тус газарт “Сод гэгээ Транс” ХХК, “Гангууд овог” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Улаанбадрах суманд гаргасан бөгөөд 2022 оны 12 дугаар сард хуралдсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дээрх хүсэлтэд мөн л татгалзсан хариу өгчээ.

Тиймээс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг дэмжиж татгалзсан байна. Сумын ИТХ-аас говийн эко тэнцвэрийг хадгалах, эмзэг хөрсийг хамгаалах, малчдын бэлчээр, усыг хамгаалах асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ