“Хүн домог 2023” наадамд бүжиг сонирхогч 500 орчим хүн оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-27 12:15:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Бүжгийн спортын нэгдсэн холбоо, “Сарны танго” клуб тэргүүтэй байгууллага хамтран “Хүн домог 2023” бүжгийн үндэсний их наадмыг зохион байгуулж байна.

Тус наадам бүх төрлийн бүжгээр дамжуулан хүүхэд залуус, насанд хүрэгчдийн авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг нь дэмжих зорилготой. 

Өдгөө гурав дахь жилдээ болж буй энэхүү наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүүхэд залуус, бүжгийн спорт сонирхогчид, тамирчид, бүжгийн клубийнхэн зэрэг 500 орчим хүн оролцож буй. Тодруулбал, монгол ардын, хип хоп, латин америк, европ стандартын, нийтийн цэнгээнт, орчин цагийн нийтийн цэнгээнт, шугам бүжиг зэрэг найман төрлөөр 12 насны ангилалд хосын болон соло бүжигчид, хамтлагууд оролцож байна.


"Хүн домог бүжгийн үндэсний их наадам" ТББ-ын тэргүүн, МУСТА Ц.Батжаргал, "Наадам 2020 оноос эхтэй. Цар тахлын үед бид онлайнаар монгол бүжгийн сургалт явуулан тэмцээн уралдаан зохион байгуулж байсан. Энэ маань өргөжин тэлсээр, бүжгийн төрлүүд нэмэгдсээр “Хүн домог” наадам болсон. Үндэсний биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, бүжгийн спортыг таниулж, хүмүүст хүргэж, уриалж байгаа нь наадмын ач холбогдол юм. Тэмцээнд оролцож байгаа хүмүүсийн бичлэгүүдийг бид контент болгон үлдээдэг. Цаашлаад бүх төрлийг хамарсан, олон улсын хэмжээний бүжгийн наадмыг Улаанбаатартаа зохион байгуулахыг зорьж буй. Бүжгийн төрөл бүрийн үзүүлбэрийг мэргэжлийн шүүгч, дасгалжуулагч нар шүүж, наадмын ялагчдыг тодруулах юм" гэлээ.


"Сарны танго" бүжгийн клубийн тамирчид, "Бид 8-9 настай, одоогоор 4-5 төрлийн бүжиг сурсан. Долоо хоногтоо 2-4 удаа бэлтгэл хийдэг. Багшийнхаа зааж өгсөн бүжгийг сурах, өөрсдийгөө хөгжүүлэх дуртай. Үе тэнгийн найзууддаа хандаж бүжгийн спортоор заавал хичээллээрэй, бидэнтэй нэгдээрэй гэж уриалж байна" хэмээн ярив.




Холбоотой мэдээ