БАЯНХОНГОР: Одоогоос 150 сая жилийн өмнөх палеонтологийн олдвор бүхий Бүгийн цав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт сумын төвөөс урагш 120 км газарт, Өмнөговь, Баянхонгор аймгийн заагт, Ингэн хөөврийн хөндийд Бүгийн цав оршино. Улаанбаатар хотоос 746 км, Баянхонгор аймгийн төвөөс 236 км зайтай.
Бүгийн цав (Бүгийн цавын хоолой) нь өргөргийн дагуу сунаж тогтсон бөгөөд зоо нуруу, шаварлаг цонж, толгод зэрэг олон хэлбэр төрхтэй шаргал, улбар өнгийн шаварлаг хурдсаас тогтдог. Эдгээр шавар хэрмэн тогтцууд нь Монголын говь 200-100 сая жилийн тэртээ гадагш урсгалгүй цэнгэг усны ай сав байсныг илтгэнэ.
Бүгийн цав нь одоогоос 150 сая жилийн өмнөх амьдралыг илтгэх палеонтологийн олдворт газар юм.
Бүгийн цавд олон удаагийн судалгаа шинжилгээний ажил хийж, улмаар Монголын анхны бие даасан хээрийн анги томоохон малтлага хийж, Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин олдворуудыг олж, тэдгээр нь дэлхийн шинжлэх ухаанд эртний дэлхий судлал, танин мэдэхүйд чухал хувь нэмэр болжээ.
Эндээс судлаачид 50-80 тонн жинтэй, 50 метр урт үлэг гүрвэлээс гадна 1.5-30 метр хуртэл жижиг том үлэг гүрвэлүүдийн чулуужсан яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтдын чулуужсан ясыг олсон байна. Бүгийн цавын хөрсөн дээр үйрмэг яс элбэг тохиолдох бөгөөд тэдгээр хэвтэх яснуудыг эвлүүлэн ямар нэгэн үлэг гүрвэлийн араг ясыг сэргээх боломжгүй ч тэртээ эрт галавын үеийн дэлхий ертөнцийг эргэн сануулах мэт гэрч болон үлджээ.
Бүгийн цаваас махан идэшт аварга тарбозавраас гадна олон зүйл үлэг гүрвэлийн бүтэн ба хэсэгчлэн хадгалагдсан хэлхээ яснууд олдоод байна. Тэрхүү үлэмж биет махчин үлэг гүрвэл Тарбозаврын бүтэн хэлхээ ясыг 1981 онд олсон бөгөөд эдүгээ Баянхонгор аймгийн Байгалийн музейд хадгалагдаж байна.
Монголын говиос Геннисийн номд бүртгэгдсэн хамгийн урт сарвуут үлэг гүрвэл Теризинозаврын яс ч олдсон бөгөөд сарвууны урт нь 91.4см хүрдэг байна. Энэ аварга амьтан болон далайн амьтдын чулуужсан яс Бүгийн цав, мэн Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчим, Ам гол, Луу яст зэрэг газраас олджээ.