СҮХБААТАР: П.Болортунгалаг: Ус ашигласны төлбөрийг 100 хувь байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-22 18:20:06

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг дэлхий нийтээрээ усны өдөр болгон тэмдэглэж ирсэн. Цэнхэр алт гэж үздэг усны зөв зохистой хэрэглээг дадал болгох, усаа хайрлан хэмнэх уриалгыг энэ өдөр нийтэд түгээдэг. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн усны нөхцөл байдлын талаар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Болортунгалагтай ярилцлаа.


-Энэхүү тэмдэглэлт өдөр салбарынхны хувьд чухал өдөр байдаг. Танд Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байдаг. 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс “Дэлхийн усны өдөр" болгон зарлан тунхагласан. 2023 онд усны өдрийг “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд хүн бүр” Цэнхэр алт” усаа хайрлан хамгаалахыг уриалж байна. 


-Тэмдэглэлт өдрийн хүрээнд аймгийн БОАЖГ-аас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар эхлээд мэдээлэл өгөх үү?

-Энэ онд Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлт шинэчлэлтийг хурдасгая” уриатай тэмдэглэж байна. Аймгийн БОАЖГ-аас төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, олон нийтэд зориулсан видео контент, богино шторк, постеруудыг бэлтгэн цахим орчин болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар түгээж, нийтийн эзэмшлийн зам талбайд сурталчилгааны самбаруудыг байрлуулсан зэргийг нэрлэж болно.


-Сүхбаатар аймгийн хүн амын усны хэрэгцээ болоод усны нөөц ямар байдаг вэ?

-Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт  усны хэрэглээ нь 2022 онд  9,905,644 шоо метр гэж дүгнэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл жилд ойролцоогоор 10 мянган шоо метр усыг хүн амын унд ахуй хэрэгцээнд болоод малын ундад хэрэглэж байна. Нийт хэрэглээний усны дийлэнхийг үйлдвэрлэлд ашигласан байдаг. Харин нөөцийн тухайд газрын доорхи усны нөөц нь 30,000 шоо метр , гадаргын усны нөөц 140,000 шоо метр байдаг.


-Хаягдал усыг дахин ашиглаж чадаж байна уу?

-Нийт зарцуулсан усны 12,3 мянган шоо метрийг дахин ашиглаж байна. Цаашид дахин ашигласан усны хэмжээ нэмэгдэнэ. Учир нь Баруун-Уртад цэвэрлэх байгууламж удахгүй ашиглалтад орно. Эндээс гарсан саарал усыг ногоон байгууламжид ашиглахаар төлөвлөсөн бол саяхан БОАЖ-ын сайдын тушаалаар авто угаалгын газрууд цэвэр ус ашиглахыг хориглосон шийдвэр гарсан. Тэгэхээр эдгээр газрууд хүртэл зайлшгүй хаягдал ус болон дахин боловсруулсан усыг ашиглах байдал үүсэж байгаа юм.


-Хэчнээн нуур тойром, булаг шанд бүртгэлтэй байдаг вэ, тэдгээрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна?

-Усны тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг. 2020 онд хийсэн тооллогоор манай аймагт гадаргын ус буюу нуур тойром  611, 270 булаг бүртгэгдсэн байна. Булаг шанд бол ундардаг, харин бүртгэлтэй нуур тойрмын ихэнх нь хур борооны усаар тэжээгддэг. Хамгийн сүүлд хийсэн тооллогоор аймгийн хэмжээнд ширгэсэн буюу усгүй 56 булаг байна гэж тоологдсон. Одоо ирэх онд усны тооллого хийнэ.


-Нуур, гол горхи, булаг шандыг ширгэхээс хамгаалах, урсац ундаргыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юу байна?

-Мэдээж энэ чиглэлд анхаарч, жил бүр тодорхой төсөв хөрөнгө тавьдаг. Гадаргын усны нөөц, эх үүсвэрийг хамгаалах зорилгоор 2022 онд аймгийн хэмжээнд 11 булгийн эхийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал болон төсөл хөтөлбөр, улс, орон нутгийн төсвөөр  хашиж хамгаалсан. Мөн Ганга нуурын ууршилтыг хэмжих ГГИ-3000 багажийг 2022 оны байгаль хамгаалах зардлаас 12.0 сая төргөгөөр захиалан авч, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд хүлээлгэж өгөөд байна. Тус багажийг Дарьганга суманд байрлуулж, Ганга нуурын ууршилтыг хэмжихээр төлөвлөсөн байгаа.


-Ус ашигласны төлбөрт жилд хэчнээн төгрөг төвлөрч байна. Үүнийг хэрхэн зарцуулдаг вэ?

-Өнгөрсөн онд 571 сая төгрөг төвлөрүүлсэн. Мэдээж усны төлбөрийг 100 хувь байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулдаг.


-Цаашид орон нутгаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудыг хэлнэ үү?

-Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоохоор ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэж байна. Мөн ундны усны эрүүл ахуйн хязгаарлалт ба хориглолтын бүсийн тэмдэгжүүлэлтийг Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас дөрвөн суманд хийхээр төлөвлөөд байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ