Дэлхийн ойн өдөр: “Эрүүл ой-Эрүүл хүн”

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-03-21 07:08:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр-Дэлхийн ойн өдөр. Энэ өдрийг “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор тэмдэглэж байна.


НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг тэмдэглэж байхаар 2012 онд шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн билээ. 


Монгол Улс цөлжилтийн эсрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтээрээ мод тарьж тэмдэглэдэг уламжлалтай. Энэ ч утгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг санаачлан, 2030 он хүртэл иргэд, аж ахуйн нэгжүүд жилд 130 сая мод тарихыг зорьж, энэ хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна.


Монгол орны 18.5 сая га талбай бүхий ойн сан нь дэлхийн экосистемийн нэг чухал хэсэг бөгөөд олон төрлийн хөхтөн, жигүүртэн, хэвлээр явагч зэрэг амьтны амьдрах орчин, малчин, нүүдэлчин, нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр, түлээ, өвс тэжээлийн нөөц болдог.


Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 10 орчим хувийг эзэлдэг ой сүүлийн жилүүдэд экологийн тэнцвэрт байдал алдагдан, ой шавжид идүүлж доройтох болж, одоогоор 1.1 тэрбум модоо хөнөөлт шавжид сүйтгүүлж болох тооцоо гарчээ.

“Манай орны ойн 297 мянган га талбай өнгөрсөн оны 1 дүгээр сарын байдлаар хөнөөлт шавжид нэрвэгдсэн мэдээлэл бий. Энэ талбайн хэмжээ улам нэмэгдэж байгаа тул тэрбумаар тоолох мод тарьсан ч үүнтэй дүйх хэмжээний мод үхэх тухай байгаа”-г БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр зохион байгуулсан “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” хурлын үеэр онцолж байв.


Монгол орны ой Сибирийн их тайгын хамгийн урд зах буюу экологийн хувьд эмзэг хэв шинжид хамаарч, төв Азийн тэгш өндөрлөгтэй залгаа заагт оршдог тул хөнөөлт шавж, түймэр, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий аж. Мөн өвөл, зундаа 30-40 хэмд хэлбэлздэг, байгалийн хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлэн ургадаг онцлогтой юм

Холбоотой мэдээ