Бидний мэдэхгүй "Оюутолгой"

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-03-20 07:36:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Монголчууд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх уурхайтай болж байгаагаа олон улсад зарлалаа.

Хоосон талд эхлүүлсэн мега төсөл эдүгээ биежиж 20 мянган залуусын ажиллах талбар болтлоо өргөжжээ. Үйл явцаас харвал 10 гаруй жилийн тэртээ өмнийн говийн хөрсөн доорх баялгийг ашиглах нь зөв, буруу, ашигтай, ашиггүй хэмээх маргааныг энэхүү төслийн томоохон бүтээн байгуулалт болох гүний уурхай нэг талд гаргалаа гэж дүгнэж болохоор байна. Үнэндээ мега төслийг хэрэгжүүлэхэд маш нарийн ажиллагаа шаарддаг бөгөөд хамгийн эмзэг, шилтэй зүйрлэвэл хагарахад амархан зүйл. Тэгвэл монголчууд энэ мега төслийг дэлхийн 44 орны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсаныг гүний уурхайн олборлолтын нээлт илтгэлээ.

 

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирээдүйгээ харж, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох замаар энэхүү төслийн өгөөжийг иргэн бүр хүртэх боломжийг эрэлхийлэх нь чухал хэмээн тодотгосон нь эл мега төсөлд Засгийн газар найдлага, дахин итгэл өгч буйг илэрхийлэв. Нөгөө талаас "Рио Тинто" групп хэлсэн хэлцлээ биелүүлэх, гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолтоо цаг хугацаанд нь гүйцэтгэх нь чухал гэдгийг энэ үйл явц харуулж байна. Үнэндээ монголчууд бодит өгөөжийг энэ төслөөс хүлээж байгаа. Эрдэнэт шиг хот боссонгүй, өгөөж нь иргэн бүрт мэдрэгдэхгүй байна гэдэг. Тэгвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд эл төсөл бидэнд юу өгөв гэдгийг хүмүүс сонирхох нь дамжиггүй.

 

"Оюутолгой" төслийг Монгол хүн бүр мэддэг ч тэнд ямар бүтээн байгуулалт, үйл ажиллагаа өрнөж байна вэ гэдгийг яг таг мэддэг нь хэд вэ гэдэг асуултаас эхэлье. Магадгүй дийлэнх нь ам дамжсан яриагаар эл төслийг төсөөлж ч мэдэх юм. 66:34 хувь? Энэ харьцааг шууд утгаар нь авч үзвэл мэдээж Монголд өгөх ашиг бага харагдана. Эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь талуудын, улстөрчдийн маргааны гол эх үүсвэр болж ирсэн нь нууц биш юм. Гэхдээ Монголын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Оюутолгой ордын 80 орчим хувийг бүрдүүлэх Гүний уурхайн олборлолт эхэлсэн нь дэлхийд Монгол Улс мега төслийг урагшлуулж, хэрэгжүүлж чадсан найдвартай тал гэдгийг чимээлэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улс найдвартай хамтрагч гэдгээ дэлхий дахинд зарлаж хэдэн арван “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх суурийг тавив.

 

МОНГОЛ ЗАЛУУС БА ДЭЛХИЙН НОУ-ХАУ

 

Монголчууд гадаадын мэргэжилтнүүдийн зааварчилгаа, мэдлэгийн ноу-хауг маш богино хугацаанд нутагшуулсан нь 20 мянган ажиллах хүчний 97 хувийг бүрдүүлж буй монгол залуусын арми юм. Тэд дэлхийн уурхайтай өрсөлдөж, монгол хүний ухаан, ур чадварыг гайхуулж чадаж байгаа нь энэ төслөөс авч буй хамгийн том өгөөж. Дэлхийн 35 оронд үйл ажиллагаа явуулж буй "Рио Тинто" группт удирдлага, инженер, техник технологийн түвшинд 100-гаад монгол залуу шигшигдэн дэлхийн мэргэжилтнүүдтэй эн зэрэгцэн ажиллаж байна. Эдгээр залуус ирээдүйн мега төслүүдийг авч явах капиталууд. Түүнчлэн "Оюутолгой" төслийн өдөр тутмын үйл ажиллагааг олон мянган монгол залуу гардан гүйцэтгэж байна. Тэдний барьсан барилга байгууламжийн хэмжээ дамжаа, цар хүрээ маш том. Ямар ч дэд бүтэцгүй зэлүүд талд дэлхий дээрх хамгийн сүүлийн үеийн технологи бүхий уурхайн цогцолборыг монгол залуус бүтээн байгуулж, туршлагажив. Зөвхөн баяжуулах үйлдвэрийг барихад 62 мянган тонн бетон зуурмаг, 23 мянган тонн ган ашигласан нь Эйфелийн цамхгаас даруй гурав дахин их юм. Бүтээн байгуулалтын шатанд уурхайн үйл ажиллагаанд зориулж зургаан сая шоо метр шороо зөөж, 550 км зайд орших Улаанбаатар хот хүрэх дайны кабель утас ашигласан. Мөн Баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад дөрвөн орцтой, есөн давхар 346 барилга барих хэмжээний цемент, бетон ашигласан тооцоо бий. Эдгээр тоо, үзүүлэлтээс ямар их хөдөлмөр хөлс хүч оров гэдгийг харж болно. Монгол хүний хөлс хүч, оюун ухаан энэ бүхэнд шингэсэн гэхээр бахархмаар.


Мөн газрын гадаргаас 1300 метрийн гүн дэх далд уурхай, аврах төхөөрөмж, хоргодох байр гээд газар доорх хотхоныг залуус бүтээв. Тэд газрын гүн дэх босоо амуудыг барьж Оюутолгой ордын нийт үнэ цэнийн  дийлэнх хувийг олборлох дэлхийд хамгийн томд тооцогдох гүний уурхайд блокчлон олборлох технологид суралцаж байна. Өрөмдлөг, тэсэлгээний аргаар хүдрийн биетийн доод хэсгийг хөндийлөн малтсанаар өөрийн жингээр нь доош нураан суллаж авах энгийн зарчимд суурилсан уг аргыг нэвтрүүлж эхлэв. Блокчлон олборлох арга нь бүтээмж өндөртэй, хэмжээ томрох тусам хэмнэлт улам нэмэгдэж, нэгж хүдрийг олборлох зардал буурах, цаашлаад үйлдвэрлэлийн үр ашгийг нэмдэгээрээ давуу талтай. Энэ технологийг монголчууд гардан гүйцэтгэж байгаа. Түүнчлэн Оюутолгойн ил уурхайгаас 2012 оны долдугаар сараас анхны хүдэр олборлож эхэлсэн. Ил уурхай дахь 3500 морины хүчин чадалтай аварга “Комацу” автосамосвалыг монгол хүн жолоодож байна. Мөн Энхтайваны гүүрээс долоо дахин урт туузан дамжуулагчийг бүтээхээс эхлээд уурхайд ажиллаж буй аварга техник, технологи болон стратеги төлөвлөлтөд Монгол залуус суралцсан нь хамгийн том хөрөнгө оруулалт, боломж юм.


ОЮУТОЛГОЙН ШУУД БА ШУУД БУС ӨГӨӨЖ


Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн гуравны нэгээр буюу 35 хувиар өснө хэмээн мэдээлсэн.


Монголд орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 10 ам.доллар тутмын 7 ам.доллар нь "Оюутолгой" төслийнх. 12 жилийн хугацаанд "Оюутолгой" компанийн дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Тодруулбал, тус компани дээрх хугацаанд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд нийт 34 их наяд төгрөг зарцуулжээ. "Оюутолгой" ХХК 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 567 нь үндэсний компани бөгөөд үүнд худалдан авалтынхаа 75 хувийг зарцуулсан байна. 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад 4.93 тэрбум ам.доллар зарцуулсан хэмээн тус компаниас мэдэгдсэн.


“Оюутолгой” компанийн төлсөн төлбөр хураамжийн хэмжээ 1 хувиар нэмэгдэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого дунджаар 0.81 хувиар нэмэгддэг гэсэн  судалгаа гарсан байна. Судалгаагаар, тус компани 2020 онд улсын төсвийн орлогын 9.72 хувийг бүрдүүлсэн бол дөрвөн жилийн дунджаар Монгол Улсын нийт экспортын 15.4 хувийг Оюутолгойн экспорт эзэлжээ. Түүнчлэн Оюутолгойн борлуулалтын орлого 100 хувь Монголд зарцуулагддаг хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тодотгосон. Өнгөрсөн онд гэхэд  Монголд оруулж ирсэн мөнгөн дүн 1.6 тэрбум ам.доллар болсон байна. 


Юутай ч Монгол Улс шууд ба шууд бус өгөөжийг энэхүү мега төслөөс хүртэж буйг дээрх тоо баримт илтгэж байна. Хөрөнгө оруулагч тал нэмэлт 1.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийснээр ирэх 10 жилд 20 тэрбум ам.долларын экспортын орлого, 20 их наяд төгрөгийн татварын орлого бүрдэх боломжтойг эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь Монголд том хэмжээний төсөл хэрэгжиж байна гэсэн мессежийг дэлхийд өгснөөрөө хамгийн том ач холбогдолтой. Түүнчлэн гүний уурхай албан ёсоор нээлтээ хийснээр Монголын эдийн засагт ямар үр өгөөж өгөх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Гүний уурхай нь ирэх таван жилд дунджаар 350 мянган тонн зэс олборлох бол 2028-2036 онд олборлолтын хэмжээг 500 мянган тоннд хүргэхийг зорьж байгаа. Далд уурхайн олборлолт эхэлснээр компанийн жилийн борлуулалт 5 тэрбум ам.доллар, Монгол Улсад төлөх АМНАТ-ын хэмжээ гурав дахин нэмэгдэн 700 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоолол гарчээ.


НОГООН ИРЭЭДҮЙГ ТЭТГЭГЧ ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ ХОЁР ДАХИН ӨСНӨ


Уул уурхайн салбар үндэсний эдийн засагт оруулж буй хувь нэмрээр Монгол Улс дэлхийд гуравт жагсдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар, уул уурхайн салбарын ажлын байр бүтээж байгаа хувиар манай улс дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг. Энэ тоо Монгол Улс дахь уул уурхайн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг илэрхийлж байгаа юм. Улсын төсвийн гол бүрдүүлэгч нь уул уурхай бөгөөд тэр дундаа нүүрс тэргүүлж буй бол төмрийн хүдэр болон зэсийн баяжмалын экспорт удаалж байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд манай улс 585.5 сая тонн нүүрс, 125.3 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 21.1 сая тонн зэсийн баяжмал олборлосон дүн мэдээ бий. Ногоон ирээдүйг тэтгэгч зэсийн хэрэглээ дэлхий дахинаа 25.5 сая тонноос ойрын жилүүдэд 50 сая тоннд хүрэх буюу хоёр дахин өсөх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тонн зэсийн үнэ 9000 орчим ам.долларт хэлбэлзэж буй.  Нүүрсний эрэлт хумигдах нь тодорхой болж буй энэ цаг үед зэс бидний хувьд хамгийн том боломж. Монгол Улс дэлхийн зэсийн хэрэглээний маш бага хувийг бүрдүүлж буй ч бүхэл хувиар хэмжигдэхүйц томоохон тоглогч болох боломж бий. Оюутолгой бол манай ганцхан зэсийн орд биш, Эрдэнэт, цаашлаад Цагаан суваргын 17 орд хүлээгдэж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагч талдаа таатай нөхцөлийг бүрдүүлж, тогтвортой байж чадвал хөрөнгө оруулалтын жим нээгдэж, дэлхийд зэсийн томоохон тоглогч болох ирээдүй бидэнд байна.

Холбоотой мэдээ