Монголын соёл урлагийг Доха хотноо сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-13 09:36:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам санаачлан ГХЯ, Соёлын яам, БОАЖЯ, Катар Улсын соёл урлагийн сан болох КАТАРА-тай хамтран "Монголын өдрүүд"-ийг “Welcome to Mongolia” сэдвийн дор Доха хотноо 3 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав.

 

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласан, мөн энэ онд Монгол, Катар улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсыг Катар Улсад сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

 

"Монголын өдрүүд"-д Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг, мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд, Монголын байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг КАТАРА-гийн Драмын театрт толилууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж хэлсэн үгэндээ, Монгол, Катар найрсаг сайн харилцаатай орнууд бөгөөд энэхүү харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт, нэн ялангуяа иргэд хоорондын харилцаа, соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү үйл ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлов.

Тоглолтыг КАТАРА соёлын сангийн удирдлага, Катарын Эмирийн ордон, Зөвлөлдөх зөвлөл /Парламент/, Гадаад хэргийн яамны төлөөлөл, Доха хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон Катарын иргэд зэрэг 300 гаруй зочин үзэж сонирхов.

 

Энэ үеэр КАТАРА соёлын сангийн дарга Др.Халид Аль-Сулайти Монголын урлагийн багийг 2030 онд Катар Улсад болох Азийн наадмын нээлтэд тоглохыг албан ёсоор урилаа.

“Монголын өдрүүд” нь монгол ахуй, байгаль, ардын болоод орчин үеийн соёл урлаг, түүхийг Катарын ард түмэнд таниулах, соёлын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг зохион байгуулагчид тодотгов гэж Кувейт улс дахь Монголын ЭСЯ мэдээллээ.




Холбоотой мэдээ