Цөмийн технологийг хүнс, ХАА-д өргөн хэрэглэх талаар ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-07 16:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах" зорилтын хүрээнд манай улс Олон улсын атомын энергийн агентлагтай цөмийн технологийн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хэрэглээг өргөжүүлнэ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн манай улсад ажиллаж буй Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн дарга Гашав Гэйбэху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр ярилцлаа.


Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Олон улсын атомын энергийн агентлаг үргэлж тусалж дэмжиж, хамтран ажиллаж, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ. Өнгөрсөн онд манай улсад хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт арьс товруутах өвчин дэгдэж, уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд Олон улсын атомын энергийн агентлагаас шуурхай арга хэмжээ авч, шаардлагатай 165.0 мянган еврогийн өртөг бүхий 500 мянган тун вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлж дэмжлэг үзүүлсэн юм.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар төлөөлөгчдөд танилцуулан, хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын оролцоо чухлыг тэмдэглэв.


Талууд "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах" зорилтын хүрээнд цөмийн технологийн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хэрэглээг өргөжүүлж, түүний үр өгөөжийг нийгэм-эдийн засгийн хөгжилд бодитоор ашиглах талаар санал солилцов.

Үр тарианы шинэ сорт гарган авах, малын өвчинтэй тэмцэх эм бэлдмэл үйлдвэрлэх, экспортлох, мах, махан бүтээгдэхүүнийг ариутгах зэрэг салбар хоорондын судалгаа-шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах цацрагаар шарах төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар ярилцлаа.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад тохиромжтой тоног төхөөрөмж, технологийн судалгааг боловсруулах, судалгаа шинжилгээний байгууллагуудад цөөн тоогоор ашиглагддаг нарийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн засвар, үйлчилгээг тасралтгүй, найдвартай хийж байх нөхцөлийг бүрдүүлэх судалгааг хийх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. 

Холбоотой мэдээ