ХӨВСГӨЛ: Яруу найрагч Б.Мягмаржавын нэрэмжит “Хөх цом” яруу найргийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-07 16:41:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр ирэх сарын 2-4-ний өдрүүдэд болно. Энэ үеэр олон ястны урлагийн тоглолт, тэшүүрийн тэмцээн, мөсөн шагайн тэмцээн, олс таталт, тахтай морин чарганы уралдаан, сумо бөх зэрэг тэмцээн уралдаан болно.

Мөн 2 дахь жилдээ "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржав агсны нэрэмжит “Хөх цом” яруу найргийн наадмыг зохион байгуулна. Наадамд яруу найрагчид 3 шүлэг ирүүлэх бөгөөд сүүлийн шатанд шалгарсан найрагчид Хөвсгөл нуурын хөвөөнд мөсний баяраар шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул “Болор цом” наадмын 2015 оны эзэн яруу найрагч Баттөрийн Мягмаржав хүнд өвчний улмаас таалал төгссөн юм.

Утга зохиолын хүрээнийхэн дундаа “Дархад Мийгаа” хэмээн нэрлэгдсэн түүний шүлгүүдээс Хөвсгөлийн зэрлэг жимс, уулсын хөг аялгуу үнэртдэг гэж үзэг нэгт нөхөд нь хэлдэг ажээ.

 

Холбоотой мэдээ