Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг энэ онд барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-01 08:00:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас боомтын сэргэлтийг чухалчилж, баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосноор Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр зам барих бэлтгэлээ хангаад байна.


Эхний ээлжинд Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр зам барихаар төлөвлөсөн. Шивээхүрэн-Сэхэ боомтын хувьд ч эхлээд хил холболтын төмөр зам барихыг ЗТХЯ мэдээллээ. Бүтээн байгуулалтын хүрээнд ЗТХЯ, ГХЯ хамтран БНХАУ-ын талтай тохиролцсоны үндсэн дээр “Монголын төмөр зам ТӨХК энэ оны долоодугаар сард эхний тээврийг хийх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр нүүрсний экспортыг сайжруулж, гадаад валютын нөөцийг нэмэхийг зорьж байгаа юм.


Манай улсын төмөр замын сүлжээ өргөжин тэлж одоогоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК ашиглалтад оруулаад байгаа. Тус төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг өнгөрсөн оны 3 дугаар сард эхлүүлж, 729.5 мянган тн ачаа тээвэрлэжээ. Мөн 99.2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний эд-мидлинг, 133.6 мянган тонн экспортын нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435.9 мян.тонн, 60.8 мян.тонн орон нутгийн тээвэр, хоосон чингэлгийг зөөсөн байна. Түүнчлэн төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжийн барилга угсралтыг бүрэн дуусгаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжтой болжээ.


Энэ онд ч мөн зүгшрүүлэх тээвэрлэлтийг үргэлжлүүлэх бөгөөд Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангахаар “Тавантолгой түлш ХХК-ийн 36.4мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэжээ. Тус төмөр замаар 5 сая.тонн нүүрс экспортлох урьдчилсан тооцоо гарган, ЗТХЯ, Монголын төмөр зам ТӨХК шат шатандаа хичээж байгаа аж.

Холбоотой мэдээ