Бизнесийн салбарыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-08-30 17:02:29

Монгол дахь Америкийн Худалдааны танхимаас /АмЧам Монгол/ ээлжит уулзалтаа зохион байгуулж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Мануэл Микаллер хүндэт зочноор уригдан оролцов. 

Уулзалтад "АмЧам Монгол"-ын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөл болох 70 гаруй бизнес эрхлэгчид оролцож Монгол Улсад тулгамдаад буй эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулах шинэ Засгийн газрын эдийн засгийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, гадаадын хөрөнгө оруулагчидтай бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийгдэж буй тодорхой ажлуудын талаар санал солилцов.

Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн ноён Мануэл Микаллер арга хэмжээг нээж үг хэлэхдээ "Чөлөөт бизнесийг дэмжих болон хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах нь Монгол улсын эдийн засгийг хүндрэлээс гаргах урт хугацааны бөгөөд илүү оновчтой шийдэл юм” хэмээлээ. 

Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн бодлого, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд Засгийн газраас явуулж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Сайдын илтгэлд бизнес, хувийн хэвшлийхний хамгийн их сонирхол татаж байсан сэдвүүд болох Гарал үүслийн гэрчилгээ асуудал, 2016 оны Улсын төсвийн тодотгол болон татварын хуулинд оруулахаар өргөн баригдсан өөрчлөлтүүд, мөн шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд хийж хэрэгжүүлэх ажлууд зэргийг багтаасан юм. Тэрбээр Гарал үүслийн гэрчилгээний асуудлыг онцолсон бөгөөд “Бид Сангийн яамтай хамтран Гаалийн тариф болон гаалийн татварын тухай хуулинд оруулах шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүд, тэр дундаа гарал үүслийг гэрчилгээг шаардах бус өөр байдлаар баталгаажуулах боломжтой байхыг судалж байгаа" гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн сонирхож буй асуултад хариулт өгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч, бизнесийн салбарынхныг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ