Д. Доржготов: Ш.Цэгмид багшийнхаа заавраар хөрс судлаач мэргэжил эзэмшиж, 61 дэх жилдээ ажиллаж байна даа

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-01-10 17:51:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Дэчингунгаагийн Доржготовтой уулзаж ярилцлаа. Тэрбээр Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиосон 2022 онд АНУ-ын иргэн Жак Уэтерфордын хамт "Чингис хаан" одонгоор шагнуулсан юм.


Д.Доржготовыг Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийн, хээрийн шинжилгээний ажил зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан хэмээн энэхүү төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одонгоор шагнажээ.


Яг энэ хүрээлэндээ 61 дэх жилдээ хөрс судлан ажиллаж байна

-Та хөрс судлаач мэргэжилтэй хүн. Энэ мэргэжлийг Та өөрөө шимтэн сонгов уу? Эсвэл бусдын захиа даалгавар, эргэн тойрны хүмүүсийн нөлөө байв уу?

-Би Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн 10 дугаар ангийг 1957 онд төгссөн. Тэр үед хуваарь авдаг байлаа. Манай ангийн гурав хүүхэд онцсайн төгссөн учраас Шинжлэх Ухааны Академи (тэр үед Шинжлэх ухааны хүрээлэн байсан)-ийн нэр дээр суралцахаар хуваарилагдсан. Тэр үед хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Цэгмид гуай байсан. Тэрээр бид гурвыг хүлээж авч уулзан зөвлөгөө өгөөд Б.Чадрааг (хожиим академич болсон) физикээр, Я.Жамъянсанг (хожим Төрийн шагналт эрдэмтэн болсон) биологич (ургамлын биологич), намайг газар зүй, хөрс судлалаар суралцуулах болсон юм. Ингээд М.В.Ломоносовыг нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн физикийн факультетад Б.Чадраа, Я.Жамъянсан бид хоёр биологи, хөрс судлалын факультетад суралцахаар явж, 1962 онд төгсөж ирсэн дээ.


Яг энэ хүрээлэнд 1962 оны долдугаар сараас өнөөдрийг хүртэл 61 дэх жилдээ ажиллаж байна даа. Энэ хүрээлэнг анх байгуулсан хүн бол газар зүйч, академич Шагдарын Цэгмид. Миний багш байгаа юм. Нэг үгээр хэлбэл намайг хүлээж аваад сургуульд явуулсан багш маань намайг бас ажилд авсан хэрэг л дээ. Ш.Цэгмид багшийнхаа зааснаар л би энэ мэргэжлийг эзэмшиж дээ.


-Та газар зүйн салбарт 61 жил болжээ. Ажлын гарааныхаа анхны жилүүдийг эргэн дурсаач?

-Хөрс судлал чинь хөрсний газар зүй, хөрсний ангилал, хөрсний шинжлэл, хөрсний үржил шим гээд дотроо олон салбарладаг л даа. Газар зүйн хүрээлэндээ анх 1962 оноос хөрс судлаачаар ажилласан байна. Харин 1974 оноос хөрс судлалын тасаг байгуулсан. Одоо бол салбар болчихсон явж байх жишээтэй. Сүүлийн 40 гаруй жил багшилж, хөрсний чиглэлээр олон шавьтай болжээ.


Монгол орны хөрс бусад улс оронтой адилтгах аргагүй өвөрмөц

-Монгол орны хөрсний онцлогийг Та хэлээч?

-Монгол орны хээрийн хөрсөн бүрхэвч бусад улс оронтой адилтгах арга байхгүй өвөрмөц л дөө. Уул тал, голын хөндий, татам, том том нуур, гол, тал хээрийн гээд  байгалийн бүх эко систем байна. Өндөр уулын нуга, уулын хээр, хээр тал, тал хээр, говь цөл, Алтайн өвөр говьд хэт хуурай цөл хүртэл бий. Байгалийн ийм олон эко систем, байгалийн эрс тэс нөхцөлүүдтэй, дээр нь маш олон зүйлийн ургамал ургадаг, бусад улс оронд байдаггүй ургамал, амьтантай. Цаг агаарын нөхцөл эрс тэс жилийн 4 улиралтай. Дөрвөн улирал нь ялгаатай, зун +40 хэм хүрч хална, өвөлдөө -40 хэм хүч хөрнө. Ийм улс орон ховор шүү дээ. Энэ нь өөр оронд байдаггүй хөрс бий болгож байгаа юм. Манайд байдаг хөрсөн бүрхэвчийн хувьд бусад улс оронд байхгүй байж болно. Мөн бусад улс оронд байдаг хөрсөн бүрхэвч манай  оронд байхгүй байж болно. Манайх сэрүүн бүсийн өвөрмөц орон учраас хөрсний хувьд, газар зүйн эко системын хувьд бас л өөр шүү дээ.


Газрын хөрс гэдэг маань хоол. Өөрөөр хэлбэл, бүх ургамал, амьтан том жижиггүй хөрсний ургамлаар хооллоно. Хүн бас ялгаа байхгүй хөрсний үр шимийг хүртэж амьдарна. Газрын хөрс гэдэг бол ямар ч улс орны амьдралыг тэтгэдэг гол суурь нь байдаг. Ой мод, бичил амьтад гээд бүхий зүйлд хөрс нь амьдрал бэлэглэдэг. Манайд бол тийм сайн хөрс ховор л доо. Ихэнх нь тал хээр, говь, цөл байна. Гэхдээ л тэр бүхэн бол тухайн орчиндоо тохирсон өвөрмөц хөрс.


Монгол оронд бүх бүслүүрийн хөрс байдаг юм. Өндөр ууланд нь тундр байна. Тэнд уулын нуга гэж байна. Тэгээд л тал хээр, хээр говь гээд л урагшилна. Тэр бүхнийг дагаад өөр төрлийн хөрсүүд бий болно. Манай орны хувьд хамгийн гол нь хуурай нутаг, уур амьсгал зонхилсон, хуурай эко системтэй. Түүнийгээ дагаад хуурай газар ургадаг ургамал ургана. Хуурай газар амьдардаг ан амьтан зонхилно. Хөрсний хувьд хуурай хээрийн хөрс зонхилсон говирхог цөл ихтэй. Ялангуяа тариаг бүх нутагт тарьж болохгүй. Тэглээ гээд бас тариа тарихгүй гэсэн үг биш. Монгол орны бүх хөрс малын бэлчээрт тохиромжтой. Говь цөл чинь тэмээ юмуу, ямаа бүх төрлийн бог малд тохиромжтой. Ойт хээр нь үхэр, сарлагт тохирох жишээний. Тэр бүхэнд нь тохирох мал аж ахуй үржүүлэх боломжтой. Тэр бүхний л суурийг хөрс бүрдүүлж өгдөг. Ашиггүй хөрс гэж байхгүй.


-Та  61 жил хөрс судалсан байна. Хөрс явцын дунд өөрчлөгдөх, тэр нь судалгаагаар тогтоогдох явдал байх уу?

-Хүний үйл ажиллагаанаас болоод хөрс өөрчлөгдөх явдал гарна. Машин техникийн нөлөө байна. Энэ олон зам, барилга байгууламж нь хөрсийг өөрчлөх гол нөхцөл болдог. Улаанбаатар хотод бол маш олон барилга барьсан. Одоо бол ийм газар ямар юмных нь байгалийн унаган хөрс гэж байх вэ дээ. Хот тосгон, уул уурхайн нөлөөгөөр устаж байгаа хөрс гэж байна. Тариалангийн талбайн үржил шим нь жилээс жилд муудаж байна. Тариалангийн үржил шимийг нь сайжруулах гээд бордоо хэрэглэж байна. Хөрс үржил шим, чанар нь доройтох явдал байна, байхаас ч өөр аргагүй. Энэ утгаараа хөрс өөрчлөгдөж байдаг гэж болно.


-Хөрсийг бордох, тордох талаар манай тариаланчдын хандлага одоо ямар байна?

-Улсын олон сангийн аж ахуй байхгүй болсон. Одоо бол хувийн хэвшил тариа тарьж байна. Тэд чинь хөрсөө тордохгүй бол болохгүй шүү дээ. Ер нь энэ талдаа гайгүй шүү. Янз бүрийн органик, эрдэс бордоо, микро бордоо, ногоон бордоо, шингэн бордоо хэрэглэж байна. Бордоо гэдэг чинь хөрснөөс үр тариатай хамт авсан ашиг шимийнхээ заримыг буцааж хийж байгаа нэг хэлбэр. Түүнийг хийж байхгүй л бол болохгүй. Манайх чинь ямар Украинтай адилхан 2-3 метр зузаан хөрстэй орон биш шүү дээ. Хөрс маань нимгэн 20-30, 40-50 см л байдаг.

Академич Д.Доржготов "Чингис хаан" одон хүртэж байгаа нь.

2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр. Төрийн ордон

-Манай орны хувьд хамгийн гүн хөрс аль бүс нутагт байна вэ?

-Хөрсний зузааныг ихэнхдээ дээд тал нь хагас метрээр ярина. Тийм хэмжээний хөрс бол зарим уул, голын хөндийнүүдэд  байна. Бас Монголын дорнод нутаг Халх голын савд зарим газраа нэг метрийн зузаан  хөрс бий. Гэхдээ сайн хөрстэй байна гээд намрын бороотой Халх голд зуны бороотой Сэлэнгийн сав газарт тарьдаг тариаг тарьж болохгүй. Дорнодын бүс, Халх голын савд 9 дүгээр сард бороо ордог. Цаг уурын  энэ онцлогт тохирсон орой юм уу, эрт боловсордог үр соорт тэнд тарих хэрэгтэй. Монгол орны төвийн бүсийн агротехнологийг бас тэнд хэрэглэхэд тохиромжгүй.


-Халх голын бүсэд тарих үр, соорт гаргаж авч,  агротехнологийг боловсруулж чадсан  болов уу?

-Халх голын сангийн аж ахуй гэж байхад тариа тарьж үзсэн. Яг Халх голын савд тохирсон үр соорттой болж чадаагүй байгаа байх аа. Газар тариалан хөрс судлалаас салаад явчихна л даа. Тэндээс одоо асар их хэмжээний хадлан авдаг.


-Дорнодоос хадлан их хэмжээгээр авч байна гэлээ. Хадлан хадах нь тэндэхийн хөрсөнд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Гайгүй, гайгүй. Хадлан авахаас өөр аргагүй. Говийн бүс нутагт өвөл маш хэцүү. Хадлан байгаа газраас хадлан авч хадлангүй бүс нутагт хүргэхээс өөр яах билээ бид. Тийм аж ахуйн систем байгаа.


-Манай орны баруун аймгууд, баруун бүс нутаг өндөр уул нуруудтай. Тэнд хөрсний үржил шим нь ямар вэ?

-Монгол Алтайн нуруу, Хангайн нуруу өндөр уул нуруудтай учир хөрс нь хэцүү. Үржил шимтэй хөрс тэнд ховор. Ерөнхийдөө хур тундас бага, хуурай говийн эко системтэй. Булган, Буянт, Ховд гээд том том голоо дагаад тариа ногоо тарих боломжтой. Одоо ч тэнд жимс ногоо, тариа, арвайн гурилаа тарьж байгаа. Бүс нутгаар нь газар тариаланд ашиглах хөрсний нөөц бол тэнд байхгүй л дээ.


-Уул, газар усны  оноосон нэр хөрс судлалтай холбогдох сэжүүр байх уу?

-Ер нь тийм зүйл ажиглагдаагүй. Ерөнхий байгалийн төрх гэж байна. Ус бэлчээртэй нутаг, намагтай газар гээд ерөнхий байгалийн төрхийг дагаад явчихдаг. Хөрстэй холбоотой уулс усны нэр тун ховор, хөрс чинь далд байгаа учраас нүдэнд харагдахгүй. Уурхайтай холбоотойгоор хөрс их эвдэрч байна. Ухаад авчихаж байгаа болохоор тэр хөрс бүр мөсөн байхгүй болдог.


Хөрс гэдэг байгалийн тогтолцоо чинь бий болох гэж урт хугацаа шаардана. Байгалийн жамаараа 2-3 см хөрс бий болоход 500-1500 жил хэрэгтэй. 20-30 см хөрс бий болно гэхэд доот тал нь 10 мянган жил хэрэгтэй болно. Ийм урт хугацаанд бий болж байгаа хөрсийг нүд ирмэхийн зуурт байхгүй болгож байна.


Байгальд ургамалтайгаа нөхцөж хөрс үүсэхэд тэнд чинь микро биологийн оролцоо, ургамлын үндэсний оролцоо, чигийн хангамж, дулааны хангамж, тэнд явагдах химийн процесс, биохимийн процесс, биологийн процесс, геохими гээд бүх үйл явц нь жигдэрч байж хөрс гэдэг юм бий болно. Тэр болгон чинь амархан бүрэлдэн тогтохгүй их хэцүү.


-Таныг хөрсний мэргэжил эзэмшээд ирж байх үеийн Монгол орны хөрсний шинж чанар болон өнөөдрийн хөрсөнд ямар хэмжээний ялгаа гарсан бол?

-Байгалын унаган төрх нь хэвээрээ хадгалагдаж байгаа Монголын дорнод тал юм уу, говь хээрийн сайхан толгод, ерөнхий төлөв байдал нь эвдэгдээгүй газар бол гайгүй байгаа юм. Харин орчин тойронд нь уурхай бий болчихсон, үйлдвэр барьсан ч юм уу, зам барилгатай газар бол өөрийн эрхгүй хүний нөлөөгөөр өөрчлөгдөөд, хөрс нь муудаад бохирлогдсон, зарим газар хөрс нь устсан зөндөө тохиолдол байна. Авто зам гэхэд л асар их хөрсийг сүйтгэх юм.


Академич Д.Доржготов ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнд

эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна. 2023 он.

-Улсын хэмжээнд тэдэн хавтгай дөрвөлжин ам метр газар авто замд талхлагдсан гэсэн судалгаа байх уу?

-Яг одоо тооцоод гаргачихсан судалгаа бол байхгүй. Харин 1980-аад онд 600-700 000 га газар, нутаг авто зам болсон байна гэсэн судалгаа гарч байсан. Одоо бол түүнийг агаарын зураглал ашиглаад гаргаж болно. Газар зохион байгуулалтын байгууллага гаргадаг байх аа. Энэ бол хөрс судлалаас тусдаа зүйл. Газар хариуцсан төрийн байгууллагуудад ийм тооцоо судалгаа байгаа байх. Зам бол маш том талбай эзэлнэ шүү. Замаас болоод бэлчээр хомсдох аюул ирээдүйд гарч магадгүй юм.


-Тал хээрийн бүс нутагт уул толгод оройгоосоо цайрч байна гэж ярьдаг. Энэ бол хөрсний ямар шатны үзэгдэл вэ?

-Хөндий хоолой, нугад ус тогтоно, чийгтэй байна. Тал хээрийн толгод, уулын оройд хуурайшилт ихтэй, дээрээ ус тогтохгүй, тэр бол байгалийн жам юм даа. Монгол Алтай, Хангай, Хэнтийн нурууны оргил зэрэг өндөр ууланд хуурайшилт байхгүй. Тэнд бол цэвдэгшил, тундрийн хөрс юм уу, чийглэг хөрс байдаг. Манай орны нийт нутгийн 50 гаруй хувь нь нам уул, дундаж уул, толгод байдаг. Уулархаг нутаг ихтэй.


-Цэвдэгшил нь хөрс судлалтай яаж холбогдох вэ?

-Цэвдэг гэдэг маань хөлдүү газар шүү дээ. Олон жилийн цэвдэг гэж байна. Энэ бол гэсэхгүй. Улирлын цэвдэг гэж ярина. Тэр бол өвөлдөө хөлдөөд зундаа гэснэ. Алтайн мөнх цэвдэгтэй оргил байна. Хангайн нуруу, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн нуруу 3000 метрээс дээш бол дандаа цэвдэгтэй. Ой мод сүүдэрлэлт ихтэй. Түүнийг дагаад ой модтой, хөвд ихтэй газар халалт багатай байгаа юм. Тэнд цэвдэг байна. Байнга хасах темпратуртай 0 хэмээс доош газрыг хэлж байгаа юм. Сүүлийн үед дэлхийн дулаарлаас болоод цэвдэгийн давхарга, зузаан нь нимгэрч байгаа үзэгдэл зөндөө гарах боллоо. Зарим газар мөнх цас, цэвдэг хайлж байна. Түүнийгээ дагаад мөнх цас, мөс, цэвдэгтэй газар нутгийн талбай багасаж байгаа. 


                   Манай дэлхийд усан галав айсуй юу?

-Монгол орны хувьд ийм цэвдэг хайлах үйл явц хэр зэрэг явагдаж байна?

-Явагдана. Хангалттай явагдаж байгаа. Бидний амьдарч байгаа энэ цаг үед дэлхийн дулаарлын үе шат явж байна шүү дээ. Өндөр уулсын мөнх цэвдэг гэсээд буцаад хуучин байдалдаа орж чадахгүй байна. Зөвхөн Монголд биш. Дэлхийн өндөр уулын мөс, мөсөн гол хайлж байна. Хойд мөсөн далайн мөс гэсэж байна, Антрактитийн захын мөс гэсэх жишээтэй. Дулаарлаас хамаарч дэлхийн мөс гэснэ гэдэг бол ус болоод далайд цутгана. Далайн талбай хэмжээ нэмэгдэнэ. Далайн болон арлын улс орнуудын  хуурай газар нь   жижигрэх явдал бий болж байна.


Дэлхийн бүх мөс хайлахад далайн усны түвшин 80 метр дээшлэх зураг 2013 онд хэвлэгдсэн байдаг юм. Дэлхийн бүх мөс гэдэгт Хойд мөсөн далай, Гренландын арлын мөс, өндөр өндөр уулын оройн мөс, мөнх цэвдэг, хойд, өмнөд туйлын мөс орно. Энэ зургаар бол дэлхийн 160 гаруй хот усанд автахаар гарсан байдаг.


Ойрын жилүүдэд болох үйл явдал бол энэ биш л дээ. Гэхдээ...гэж бичсэн байгаа. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр усан галав ирэх нөхцөл бүрдсэн байна шүү дээ.


-Ирээдүйд бий болох усны энэ аюулын нөлөө Монголд хамаарах уу?

-Монголд бол тун гайгүй. Далайн усны түвшин 1500 метрээр дээшилнэ гэж байхгүй шүү дээ. Харин 50, 100 метрээр дээшлэхэд далайн эргийн хотууд яаж тэсэх юм бэ? Бүр Бээжин, Шанхай асуудалтай болох тухай хэлж байна шүү дээ. Далайн эргийн хотууд, баруун европын хотууд, тэгээд Америкийн наад эргийн хотууд усанд автах тухай хэлсэн хэрэг. Хугацаа бол хэцүү л дээ. Тав, арван жилээр яригдахгүй. Хоёр, гурван зуун жил байж болно. Дэлхийн дулаарлын процессоос хамаарна.


Монголын 40-50 хөрс судлаач энэ том газар нутгийг судалж барахгүй байна

-Монгол орны хөрсний судалгааны талаар бичиж хэвлүүлсэн эрдэм судлалын бүтээлүүдийнхээ талаар Та ярих уу?

-Нэлээн зүйл бий. Монгол орны хөрсний зураг гэж хуучин байдаггүй байлаа. Тэгвэл одоо хөрсний хоёр зураг гаргасан байна. Эхнийхийг 1974 онд гаргажээ. Харин дараагийнхыг нь Оросын эрдэмтэдтэй хамтарч 1980 онд гаргасан байх юм. Монгол орны хөрсийг ангилаад тодорхойлолтыг нь гаргасан байх жишээтэй. Монгол орны хөрсний ном, Монгол орны хөрсний ангиллын ном, Монгол орны хөрсний мужлалын ном гээд байна. Түүнээс гадна хөрсний мужлалын зургууд, судалгаанууд байна. Зөвхөн хөрс ч биш эко систем, экологийн шинж төлөвийн асуудал гээд бичсэн. Нийт бичиж бүтээсэн, хэвлүүлсэн зүйл нийлээд 300 гаруй бий. Үндэсний атлас гурван удаа хэвлэгдсэн. Сүүлийн хоёрт нь ерөнхий редактороор нь ажилласан байна.


-Энэ бол өнгөрсөн хугацаанд таны бий болгосон зүйлүүд шүү дээ...

-Тиймээ тийм, 1962 онд төгсөж ирснээс хойш л бий болгосон зүйл шүү дээ. ОХУ-аас Монголтой хамтарсан судалгааны том том ангиуд гарч байлаа шүү дээ. Газар зүйн, хөрсний гээд хамтарсан экспедицүүдэд оролцоод оросуудтай хамтарсан судалгаа маш их хийсэн. Энэ хамтын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа. Оросуудаас гадна Польш, Германы эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийсэн байна. Сүүлийн үед Японы эрдэмтэдтэй хамран монгол орныхоо хөрсөнд судалгаа хийж байгаа. Хөрсний чийгийн горим, дулааны горим, хөрсний гэсэлтийн процесс, хөрсний эвдрэл гээд судлах юм зөндөө л байна даа.


-Манайхан болон ОХУ, Европ, Японы эрдэмтдийн судалгааны арга барил дээр хоорондын ялгаа байх уу?

-ОХУ-ын эрдэмтдийн хувьд хөрсний нөхцөл ойролцоо судалгаанд зөрүү гарахгүй. Би чинь өөрөө тэнд мэргэжил эзэмшсэн хүн шүү дээ. Газар газрын эрдэмтдийн судалгаанд зарчмын зөрүү бол гарахгүй л дээ. Харилцан бие биеэсээ суралцах, техник, технологийн туслалцаа авах гээд зөндөө зүйл байна. БНХАУ-ын Өвөр Монголын судлаачидтай хамран судалгаа хийж байна. Өмнөд хөршийн хувьд хил залгаа учраас газар зүйн хөрсний ялгаа нэг их гарахгүй. Монголоос өөр газар байхгүй хөрс байж болно. Яг ийм адилхан байгальтай газар ховорхон шүү.


Энэ ташрамд хэлэхэд, манай хүрээлэнд хөрс сурлалын 10 гаруй хүн байна. МУИС, ХААИС дээр судлаач мэргэжилтнүүд байгаа. Монголд нийтдээ хөрс судалдаг 40-50 хүн л байна. Энэ том газар нутгийг ийм цөөхөн хүн судалж барахгүй шүү дээ. Судалгааны хувьд бол манайхан бусад орны эрдэмтдээс ялгарахгүй, яг л нэг түвшинд байна.


-Та Японы эрдэмтэдтэй хамтарч ажилладаг юм байна. Хоёр оны хувьд нэг нь далайн арал дээр, нөгөө нь хуурай газрын өндөрлөг бүсэд оршдог гэж ойлгож болно. Японы газрын хөрс Монгол орны хөрсийг хооронд нь жишиж үзэх боломж бий юу?

-Манайтай харьцуулах юм байхгүй. Япон чинь өөрөө арал дээр байгаа орон учраас чийгийн хангамж өндөртэй. Манайх шиг ийм хуурай хээр, говь, цөл, өндөр уул гэх юм байхгүй. Ерөнхийдөө Японы хөрс нь чийг, дулааны хангамж сайтай. Монгол шиг эрс тэс дөрвөн улирал ч тэнд байхгүй.


-Монгол орон шиг дөрвөн улиралтай орон өөр хаана байна вэ?

-ОХУ-ын Сибирь, БНХАУ-ын зүүн хойд хэсэг, Өвөр Монголын нутаг байна. Скандинавын орнууд, Европын хойд талын орнууд манайхтай нэлээд ойролцоо. Монгол шиг яг ийм орон ховор шүү. Дундад Азийн Казахстан байна. Гэхдээ хөрсний чанарын хувьд Монголоос тааруухан. Хүн бол авахаа л боддог амьтан шүү дээ. Тэр болгон тариа тарих газар манайд ховор. Усны нөөц, чийгийн нөөц багатай, хүйтний улирал урттай ийм өвөрмөц орон доо манай улс.


 -Манайд өөрийнхөө хөрсөнд зохицсон бордоог үйлдвэрлэх боломж ямар байдаг юм бол?

-Одоо бол малын бууцаар бордоо хийдэг. Сүүлийн үед зарим эрдэмтэн ямааны ноолуур, хонины ноосны хаягдал хялгасыг бордооны түүхий эд болгож байгаа. Манайх мал аж ахуйн орон, малын бууц чинь тэр чигээрээ бордоо. Гэхдээ эрдэс бордоог бол гаднаас авахаас өөр арга байхгүй. Эрдэс бордоо гэдэг маань фосфор, гали, азотын бордоо. Органик бордоо гэдэг нь бол малын бууцаар хийдэг. Бордооны нөөц манай оронд бий.


-Эрдсээр бордоо хийхэд үйлдвэрлэлийн зардал өндөр гарах уу?

-Хийвэл хийж болно, гайгүй. Манайх фосфорын ордтой. Гэхдээ бас газраа ухна гээд асуудалтай. Эдийн засгийн тооцоо, өртөг зардлыг нь бол би мэдэхгүй. Бордоог бас тийм амархан хийхгүй байх аа.


Манай оронд унаган төрхөөрөө хөрс хангалттай байгаа ч...

-Хөрс судлал газрын гүнтэй яаж холбогдох вэ?

-Хөрс гэдэг бол газрын гүнтэй нэг их холбогдохгүй дээ. Газрын дээр байгаа баялаг. Ургамлын үндэс ямар байна, түүнийгээ дагаад явна. Өндөр, өтгөн, шигүү ургамалтай газар үндэс гүн байна. Өвс ургамал нь шингэн нимгэн байвал хөрс нимгэрнэ. Үндэс 1 метр байвал тэр хүрээнд авч үзнэ. Гүн нь 4-5 метрийн үндэстэй ургамал байдаг. Ийм байдлаар газрын гүний устай холбож ойлгож болно. Гүний ус 2-3 метрт байвал тэндээс чийг авна. Тэндээс чийг аваад нугын хөрс бий болох жишээтэй. Газрын гүний ус энэ байдлаар хөрсөнд нөлөө үзүүлнэ. Монгол орон чинь тал хээр нутаг учраас чийг багатай, голдуу хуурай эко систем давамгайлсан хөрстэй. Түүнийгээ дагаад мал аж ахуй өргөн хүрээнд хөгжсөн байна. Байгалийн таван бүсэд тохирсон мал аж ахуй эхлэх боломжтой. Гэхдээ малын бэлчээр өөр өөр шүү дээ. Түүнтэйгээ уялдаад монгол оронд таван хошуу малын бэлчээртэй. Гэхдээ уул голын хөндий гээд тариа тарих газар зөндөө бий. Түүнийгээ ашиглаад тариа тарьж байна. Яваандаа тариан талбайг тэлэх бололцоо бий.


-Говийн хөрсийг их эмзэг гэж байна. Энэ эмзэг хөрсийг унаган төрхөөр нь авч үлдэх арга, аргачлал боловсруулах боломж бий юу?

-Говь гэлтгүй монгол орны Халхын тал хээр, Дорнодын тал хээр нутаг юм уу, урагшаагаа Дундговь, Дорноговь, Өмнөговь гээд тэр бүхэн чинь өөр өөрийн бүсдээ зохицсон хөрстэй. Тухайн хуурай хээрийн бүсийн хөрс гэхэд хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн хөрс байна. Говийн бор, цайвар бор хөрс байна, цөлийн бор саарал, хэт хуурай цөлийн борзон хөрс байна. Энэ мэт байгальдаа зохицсон хөрсүүдтэй. Түүндээ зохицсон амьтан, ургамалтай. Зөвхөн зэрлэг амьтан биш шүү дээ. Хүн ч хамаарна. Хөрс үүсэхэд чинь ургамлаас гадна нүдэнд үл үзэгдэх бичил организм гэж байдаг. Тэд чинь хөрсөн дээр, доор агаарт усанд амьдарна. Ер нь байгальд байгаа амьтдын чинь 99 гаруй хувь нь бичил амьтад байгаа юм. Зөвхөн 1 хүрэхгүй хувь нь хүний нүдэнд үзэгдэнэ.


-Бидний нүдэнд тийм өчүүхэн бага хэсэг нь үзэгдээд байгаа  хэрэг үү?

-Тийм . Нэг хувь ч хүрэхгүй. Хүний нүдэнд үзэгдэхгүй байгаа 99 гаруй хувь чинь дээр хэлсэн агаар уснаас гадна бидний болон амтны бие дээр, дотор нь амьдарна шүү дээ. Тэд чинь хөрс үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Заавал ганцхан ургамлаас хөрс бүрддэг ч юм биш.


-Уурхайн олборлолт их явж байна. Эндээс болоод гүний ус багасах тухай ярих болж...

-Уурхайн олборлолт, хүний үйл ажиллагаа, томорч байгаа хот суурингаас үүдэлтэй усны бохирдол байна. Манайд байгаа хээрийн бүс нутаг голдуу л гүний худгийн ус ашиглаж байна. Хангайн бүсэд нуур, цөөрөм, голын ус бий. Гэхдээ манай орны усны нөөцийн ихэнх нь гүнд байдаг. Уурхайн болон хот суурингийн ус ашиглалтаас хамаараад гүний ус бохирдох, буурах явдал байлгүй яах вэ. Гүний ус гэдэг бол өөрөө тусдаа  бие даасан том салбар шүү дээ.


-Ингэхэд газрын хөрс хэрхэн яаж өөрчлөгдөх вэ?

-Хүн ам олонтой Энэтхэг, БНХАУ зэрэг оронд одоо байгалийн унаган төрхөөрөө хөрс байхгүй болж байна. Янз бүрийн бордоо хэрэглэж хөрс бий болгох юм. Тэнд ургаж байсан ургамал, амьдарч байсан амьтан байхгүй болно. Түүнийгээ дагаад хөрс бий болгодог бичил амьтад нь өөрчлөгдөж, шал өөр орчин бүрдэнэ. Манай оронд унаган төрхөөрөө хөрс хангалттай байгаа. Гэхдээ уурхайн ил олборлолт явж байгаа газарт хөрс эвдэгдэх явдал маш их болсон. Мөн машин замд хөрс их эвдэрч байна. Хөдөө явахад гаднаа хоёр машингүй айл алга. Морь унадаг малчингүй болсон. Тэр хэмжээгээр машин унаж байна. Тэр хэмжээгээр хөрс эвдэрнэ.


-Бидний өвөг дээдэс газар нутгаа Оюу толгой, Эрдэнэтийн овоо гэх мэтчилэнгээр оновчтой нэрлэжээ. Тэндээс нь эрдэс баялаг олдож, манай  үеийнхэн ашиглаж байна. Тэднийг хэрхэн яаж таньж мэдсэн, судалж, олж нээсэн байж болох вэ?

-Чулуулгийг нь ажиглаж тогтоосон байх боломжтой. Эрдэс баялаг чулуулаг хэлбэрээр газар дээр байна шүү дээ. Зэстэй газар бол мэдэгдэнэ. Оюу гэдэг чинь зэс шүү дээ. Тэгээд Оюу толгой гэх мэтээр нэрлэсэн байх боломжтой. Гадаргуу дээр өнгөн хэсгээс нь зарим ашигт малтмалыг мэдэж болно. Шохойн чулуу, барилгын материал байгаль дээр байж байдаг шүү дээ.


-Нээгдсэн байгаа том ордуудын хүрээнд л ярьж байна. Тэдгээрийг таньж мэдсэн, судалж тогтоосон талаар эртний судар, номд тэмдэглэж үлдээсэн баримт мэдээлэл байдаг юм болов уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Нэр нь байгаа юм хойно мэдэж л байсан байна. Эрт үед зэс ашиглаж бурхан, сав суулга хийж байсан, алт, мөнгө, төмөр хайлж, ашиглаж байсан байна. Ашиглаж байгаа юм чинь мэдэж л байсан хэрэг. Чулуулгаас хайж мэдэх боломжтой шүү дээ. Газрын гадарга дээр үнэтэй чулуу, барилгын материал байх жишээтэй. Гэхдээ л олон жил ашигласан туршлага байлгүй яах вэ дээ. Хүй нэгдэл, хүрлийн үе, хүрэл зэвсэг гэж байна. Хүрэл гэдэг маань зэс. Газрын хөрсний химийн найрлагад ямар элемент их байна, түүгээр нь дамжуулж тэнд ямар баялаг байгааг мэдэж болно. Хөрсний чинь эх бие нь уулын чулуулаг. Хөрсөн дээр чулуулаг чинь үүсэж байгаа шүү дээ. Хөрсний найрлагыг мэдчих юм бол доор нь ямар эрдэс байгааг мэдэж болно. Төмрийн хүдэр их байх юм бол доор нь төмөр, зэсийнх их байх юм бол зэс байж болно. Гэхдээ газрын доор 50, 100 метрт байгаа баялгийг багажийн тусламжтайгаар л тогтооно. Түүнийг тусгай багажгүйгээр тогтоох боломжгүй.


-Их хэлмэгдүүлэлтийн үед алт, мөнгө газар булж нуусан, эргээд олсон, олоогүй гээд хүмүүс их  ярьдаг. Хөрсөнд хүн өөрийнхөө ухаж чадах хэмжээнд ухаж байршуулах биз. Газрын хөрсөнд нууж байршуулсан элдэв металл зэргээс хамаарч хөрс өөрчлөгдөх, ургамлын өнгө төрх хувирах боломж байх уу?

-Газрын хөрс өөрчлөгдөнө. Ялангуяа газар хөдлөлтийн явцын үр дүнд том том уул нуруу, нуур голын хөндий үүсэж болно.  Газар хөдлөлт, газрын гадарга дээр болж байгаа үйл явцаас болж өөрчлөгдөх боломжтой. Газар хөдлөлтийн үйл явц бол байнга байдаг процесс. Манай орон бол газрын дээр, газрын доор асар ихтэй баялагтай  орон. Түүнийгээ зөв ашигласан нөхцөлд хэний ч гарыг харахгүй сайхан амьдрах боломжтой. Гэхдээ газрын хөрсний бидний судалгаа маань уул уурхайгаас өөр.


Хөрсний судалгаа бол ямар ургамал ургах вэ, юу таривал арвин ургац авах вэ гэдэгт чиглэгдэнэ. Ямар ургамал ургаж байна, түүнийг судална. Давслаг газар дэрс ургана, чулуулаг ихтэй бол өөр ургамал ургана. Хөрс нь зузаан бол сайхан ногоон ургамал ургана.


Тэр бүхнийг мэдэж ашиглавал нөөц маш их бий. Сүүлийн үед газрын үржил шим их доройтож байна даа. Тариа тарих явцад буруу ашигласнаас болоод хаягдсан газар маш их бий болсон. Атаршсан газар гэж ярьдаг шүү дээ. Ингэж хаягдсан газар их байгаа. Түүнийг агротехнологиор хөтлөөд тордоод, бордоод явах юм бол ашиглах боломж бий. Хөрснөөс үржил шимийг нь аваад, авсан хэмжээгээр тордож үр ашгийг дээшлүүлээд олон зуун жил усалгаатай тариалан эрхлээд явж байгаа улс орнууд байна шүү дээ.


Авдарбаянд төрж, Улаанбаатарт өссөн дөө

-Та ер нь аль нутгийн хүн бэ?

-Төв аймгийн Авдарбаян сумын хүн. Тэнд төрсөн. Улаанбаатар хотод өсөж, нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Энэ жил сургуулийн маань 100 жилийн ой болно.


-Таны төрсөн нутгийн хөрс энгийн ойлголтоор бол хуурай муухан хөрсөнд тооцогдоно биз. Та судалж байв уу?

-Хойгуураа гайгүй, урдуураа асуудалтай. Тариа тарих тухай ойлголт бол байхгүй. Малын бэлчээр, түүндээ л тохирсон хөрстэй. Түүнийгээ л хадгалж хамгаалах ёстой. Бүх газар тариа тарина гэж байхгүй шүү.


-Таныг 10 дугаар анги төгсөж байх үеийн боловсролын тогтолцоо өнөөдөр өөрчлөгдөж үү, хэвээрээ байна уу?

-Бидний үед 8 настай нэгдүгээр ангид ордог, дунд сургуульд 10 жил сурдаг байлаа. Танай үе бас тийм байсан байх, дээд сургуульд 5 жил сурдаг байсан . Одоо 6 настай нэгдүгээр ангид ордог, дунд сургуульд 12 жил сурдаг, дээд сургуульд 4 жил сурах болсон. Та хөдөө явдаг байх. Малчдын 6 настай хүүхдийг нэгдүгээр ангид ороход ээж нь аваад сумын төвд сууж байна. 6 настай хүүхэд чинь эхийнхээ хөхнөөс гараагүй байгаа үе. Тэгвэл 8 настай хүүхэд бие даах чадвар нь илүү шүү дээ.


-Та нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийн насных нь ойлголтоор ярьж байна. Нийтэд өгч байгаа түгээмэл мэдээлэл нь бага байх тусмаа хүүхэд ном сурах нь дээр гэсэн ойлголт байна шүү дээ...

-Нэгдүгээр ангид 6 настай орж, 12 жил сурлаа гээд бидний үеийнхнээс юу илүү сурч байгаа юм бэ? Нэгдүгээр ангид 8 настай хүүхэд суухад хамаагүй илүү бие даах чадвартай болсон байна. 10 жил, 12 жил сурсан ялгаагүй. Хүүхдийг 8 настай сургуульд оруулах хэрэгтэй. Бид 8 настай сургуульд орлоо гээд юу нь буруудсан юм бэ? Их дээд сургууль ч 5 жил байх ёстой. Дэлхийн жишиг тийм байна.


-Та одоо нийслэлийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийн 1957 оны үеийг нүдэнд харагдтал ярих уу?

-Тэр үе одооныхоос арай өөр байх аа. Манай анги гэхэд 24 хүүхэдтэй байсан. Сургуулийн захирал маань алдартай Раднаа багш, хичээл ангийн эрхлэгч маань Намсрайжав багш байлаа. Анги удирдсан багш маань математикийн Шарав багш, Цагаан багш тооны, физикийн багш Халтар, химийн багш Нямаа, хэл, уранзохиолын багш Цэрэндулам, түүхийн багш Дашаа гээд дандаа л мундаг багш нар байсан даа.


-Тэр үед 10 дугаар ангийн хэдэн бүлэг төгсөж байсан юм бэ?

-Хоёр бүлэг, хөдөөгийн нэг 10 гэж анги байсан.


-Хөдөөгийн гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Хөдөөгөөс ирсэн хүүхдүүдийг нэг анги болгоод 10 дугаар анги төгсгөж байсан юм. Тэр үеийн хөдөө бол арай өөр, орос хэлний гэх мэт нарийн мэргэжлийн багш дутагдалтай. Тиймээс тэдний заримыг нь хотод авч ирээд жигдэлж төгсгөж байсан юм. Тэд маань биднээс нэг жил илүү сурч байсан хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, тэд маань нутгаасаа ирээд нэг жил нэмж сураад төгсдөг байсан юм.


-Чадраа гэж нэр таны ярианд гарлаа. Энэ хүн бол ШУА-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн агсан Б Чадраа гуай гэж ойлгоод байна. Та гурав тань 10 жилд нэг ангид сурсан хэрэг үү?

-Мөн, Б.Чадраа, Я.Жамъянсан бид нэг анги, нэг сургууль. Я.Жамъянсан бид хоёр бол бүр 10 жил нэг ангид сурсан. Б.Чадраа болохоор наймдугаар ангидаа хөдөөгөөс шилжиж ирсэн юм. Бүгд л сайхан нэртэй төртэй эрдэмтэн болсон доо. Манай Я.Жамъянсан бол Монголын ургамлаас цоо шинэ ургамал гаргаж авсан хүн шүү дээ.

Академич Д.Доржготов, доктор, профессор Жак Уэтерфорд нар "Чингис хаан" одон хүртсэний дараа.

2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр. Төрийн ордон.

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ